“Кихот ноён” жүжгийг тоглоно
2016-03-10

 

Улсын Драмын Эрдмийн театрын “Сонгодог жүжгийн өдрүүд” үргэлжилж байна. Эл өдрийн хүрээнд У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг тоглосон. Харин энэ удаад Мигель Сервантесын “Кихот ноён” сонгодог жүжгийг тоглох гэж байна.

 

Тус жүжгийг манай Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр 1971 онд балет болгон тавьж байсан. 42 жилийн дараа УДЭТ-ын найруулагч УГЗ Б.Баатарын найруулгаар драмын жүжиг болон олон нийтэд хүрсэн билээ. Энэ удаад ч мөн УГЗ Б.Баатарын найруулгаар тайзнаа тавих гэж байна. Тайзны зураачаар СТА С.Ариунболд, хөгжмийн зохиолч Т.Мөнх-Оргил, бүжиг дэглээчээр СТА Т.Төгсөө ажиллажээ. Жүжгийн гол дүр Дон Кихотод МУГЖ жүжигчин Б.Жаргалсайхан, Санчо Пансад СТА Г.Амгаланбаатар, Перо Перест СТА Л.Дэмидбаатар, Альдонса Лоренсод Б.Нармандах, Сансон Красско жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Антониод жүжигчин Б.Одгэрэл нар тоглоно.

 

Тайж язгуурын цэргийн хувцастай эр ном уншин гарч ирнэ. Энэ хүн бол Дон Кихот. Тэрбээр дундад зууны үеийн морьтнуудын тухай адал, явдалт зохиол унших их дуртай. Номондоо хэт орон өөрийн үсчин болох Николисийг заналт дайсан, тариачин эмэгтэй болох Лоренсангийг үзэсгэлэнт бүсгүй Дульсинна гэнэ. Энэ нь түүний уншсан номонд гарч буй дүрүүд юм.

 

Дэлхий дахинаараа андахгүй хэрэн тэнүүчлэгч хүлэг баатар Дон Кихот, түүний зарц Санчо Панса хоёрын адал явдал хэрхэн өрнөхийг энэ сарын 10,11-ны өдрийн 18.00 цагт “Кихот ноён” жүжгээс тольдоорой.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин