“Өвөрхангайн малчдадаа тусалъя” аян эхэллээ
2016-03-14

Гэрэл зургийг MPA.MN

Өвөрхангай аймгийн хангайн бүсийн зарим сумын нутагт цас их унаж, хаваржилт хүндрээд байна. Тус аймгийн Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Баян-Өндөр сум зудын гамшгийн байдалд хүрчээ. Хужирт сумын урд тал, Өлзийтийн зүүн тал, Есөнзүйл сум бүхэлдээ цасан хучигдаж, мал бэлчээрлэх боломжгүй, зам даваа хаагдсан байдалтай байгаа аж.

 

Мөн Онцгой байдлын ерөнхий газраас авсан хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр Бат-Өлзий, Нарийнтээл сум цагаанаар зудархуу байгаа бөгөөд хаваржилт хүндэрч болзошгүй байдал тулгарчээ.  

 

Энэ хүнд үед зудын гамшгийг даван туулахаар зүтгэж буй малчдад туслах сайн үйлсийн аяныг сэтгүүлчдийн нэгдсэн “Бичиг занги” ТББ-аас санаачлан, өрнүүлэхээр болсон байна. Энэ талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д болж, Монгол Улсын XX зууны манлай тамирчин, хөдөлмөрийн баатар З.Ойдов, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Шагдарсүрэн, Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, ”“Бичиг занги” ТББ-ын тэргүүн А.Бүрэнбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, энэхүү аянд нэгдэхийг уриаллаа.

 

“Өвөрхангайн малчдадаа тусалъя” сайн үйлсийн аян өнөөдрөөс эхэлж, ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. “Аяны хүрээнд Өвөрхангай аймгаас төрсөн соёл урлаг, спортын алдартнууд, нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид болон цаг агаарын хүнд нөхцөлд, байгалийн гамшигтай тэмцэж буй малчдадаа туслах, тэдэнд сэтгэлийн дэм, урам хайрлахыг хүссэн хүн бүрийг уриалан нэгтгэж мөнгөн тусламж, эд материалын хандив цуглуулах юм.

 

 

“Чадах бүхнээрээ тусалъя” уриатай уг аянд нэгдэгчид лаа, шүдэнз, бээлий, гутал, хувцас, нэмнээ, өвс, хивэг, мөнгөн тусламж гээд цас зуданд зутруун хаваржиж байгаа малчинд бага ч атугай хэрэгцээтэй, тус болох зүйлсийг хандивлаарай. Сайн үйлсийн аянаар цугласан хандивын мөнгөөр малын тэжээл авч, мөн хандивласан эд материалыг тусламжийн цуваа болгон малчдад хүргэнэ” гэж “Бичиг занги” ТББ-ын тэргүүн А.Бүрэнбаатар ярилаа.

 

Мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Шагдарсүрэн “Энэ сар болон ирэх дөрөвдүгээр сард цаг агаарын байдал тааруу байна. Иймээс цагийн хөтүүг давж гарахаар зүтгэж буй хэдэн малчдадаа чадахаараа тусалцгаая” гэж уриалав.

 

“Өвөрхангайн малчдадаа тусалъя” сайн үйлсийн аянд нэгдэгчид ХААН банк- 5041390608 /"Бичиг занги" ТББ/ тоот хандивын дансанд мөнгөн хандив өргөх, бусад эд материал, малын тэжээл зэргийг хандивлан, малчдадаа урам хайрлаж, сэтгэлийн нэмэр, тус болох боломжтой байна. Аяны талаарх мэдээллийг “Өвөрхангай аймгийн малчдадаа тусалъя” фэйсбүүк хуудсаар аваарай.

 

Б.Буд 

Shuud.mn
Сонин хачин