”Өвөрхангайн малчдадаа тусалъя” аян үргэлжилж байна
2016-03-17

Сэтгүүлчдийн нэгдсэн "Бичиг занги" ТББ-аас санаачлан эхлүүлсэн "Өвөрхангайн малчдадаа тусалъя" сайн үйлсийн аян амжилттай үргэлжилж байна. Өвөрхангай аймгийн хангайн бүсийн зарим сумын нутагт цас их унаж, хаваржилт хүндрээд байна. Тус аймгийн Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Баян-Өндөр сум зудын гамшгийн байдалд хүрчээ. Хужирт сумын урд тал, Өлзийтийн зүүн тал, Есөнзүйл сум бүхэлдээ цасан хучигдаж, мал бэлчээрлэх боломжгүй, зам даваа хаагдсан байдалтай байгаа аж.

 

Мөн Онцгой байдлын ерөнхий газраас авсан хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр Бат-Өлзий, Нарийнтээл сум цагаанаар зудархуу байгаа бөгөөд хаваржилт хүндэрч болзошгүй байдал тулгараад байгаа юм. 

 

“Өвөрхангайн малчдадаа тусалъя” сайн үйлсийн аян ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. “Чадах бүхнээрээ тусалъя” уриатай уг аянд нэгдэгчид лаа, шүдэнз, бээлий, гутал, хувцас, нэмнээ, өвс, хивэг, мөнгөн тусламж гээд цас зуданд зутруун хаваржиж байгаа малчинд бага ч атугай хэрэгцээтэй, тус болох зүйлсийг хандивлаарай. Сайн үйлсийн аянаар цугласан хандивын мөнгөөр малын тэжээл авч, мөн хандивласан эд материалыг тусламжийн цуваа болгон малчдад хүргэх билээ. 

 

Б.Буд 

 

Shuud.mn
Сонин хачин