“Ардын үг” аяныг эхлүүлнэ
2016-03-18

 

 “Монголын медиа корпораци”-аас санаачлан “Нэг монгол” ТББ, Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг өрнүүлэхээр болжээ. Энэ тухай “Монголын медиа корпораци”-ын гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, Стэнфордын их сургуулийн зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар, “Үндэсний тойм” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Р.Батсайхан нар мэдээлэл хийлээ.

 

Иргэнийг “Ардын эскперт” болгоно

 

Стэнфордын их сургуулийн зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх Г.Занданшатар

 

-Аяныг хэрэгжүүлэхдээ 21 аймгаас бүсчилсэн байдлаар говь, хангай, баруун, зүүн төвийн бүсийн аймгаас сонголт хийнэ. Улмаар санамсаргүй түүврээр сонгогдсон аймагт Зөвлөлдөх санал асуулгыг явуулах юм. Санал асуулгад 400 иргэн оролцоно. Эдгээр иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож авч оролцуулах юм. 400 гэдэг тоо нь социологийн аргачлалаараа 15 мянгаас дээш хүн амыг бүрэн төлөөлөх түүвэр юм. Өөрөөр хэлбэл 95 хувийн итгэлцэлтэй, 5 хувийн алдааны магадлалтай үр дүн гаргах хэмжээний түүвэр гэж ойлгож болно. Түүвэрт сонгогдсон нийт өрхийн 18-аас дээш буюу сонгуулийн насны иргэдээс Киш гридийн аргыг ашиглан түүврийг бүрдүүлэх юм. Санал асуулгын урилга хүлээж авсан иргэныг “Ардын эскперт” болгох бөгөөд тэд нутгийн удирдлагуудын тайланг сонсож, эсрэг санаа бодлыг тэнцвэртэйгээр хүлээн авч нууц санал хураалтаар, үнэлэлт, дүгнэлт гаргах хэлбэрээр аян өрнөнө.

 

Иргэд эрх баригчдаас ам асууна

 

“Монголын медиа корпораци”-ын гүйцэтгэх захирал Д.Бадамдаш

 

-Онолын хувьд шууд ардчилал, төлөөллийн ардчилал, элит ардчилал, зөвлөлдөх ардчилал гэсэн ардчиллын дөрвөн хэлбэр байдаг. Шууд ардчиллын хэлбэрийг Монголд бий болгох гэж утсаар санал авдаг, саналын хайрцаг явуулдаг, мессежээр санал авах зэрэг хэлбэрийг ашиглаж байна. Гэтэл иргэд мэдээллийн хувьд тэнцвэргүй байдаг. Улмаар сонгох гэж буй хүнийхээ талаар тодорхой мэдээлэл байхгүй учраас сэтгэл хөдлөлөөрөө л сонголт хийх тохиолдол байна. Тийм учраас “Зөвлөлдөх ардчилал”-ын гол санаа нь иргэддээ асуудлын талаар олон талт мэдээллийг хүргээд, хэлэлцүүлж, шийдвэр гаргадаг. Ингэсний үр дүнд иргэд болон шийдвэр гаргагч нарын дунд асуудлыг нэг өнцгөөс харах боломж бүрдэхэд орших юм. Мөн шууд ардчиллын асуудлыг даван туулах ач холбогдолтой аян гэж харж байна. Бид энэ аяныг өрнүүлснээр Монгол орон даяар, бүх орон нутагт тулгамдаж буй асуудал, түүнд ямар гарц байж болох талаарх иргэдийн саналыг сонсож, зөвлөлдөх уулзалтыг хийнэ. Түүнчлэн тухайн орон нутагт томилогдсон болон сонгогдсон албан тушаалтны тайланг ард иргэдэд хүргэнэ. Сонгогдоод эргээд сонгууль ойртоход нэг их ажил хийчихсэн, тэрийгээ сонин, сэтгүүл болгон хэвлүүлээд тараадаг. Харин энэ аяны хүрээнд тэд хийснээ иргэдэд тайлагнах биш харин аяныг зохион байгуулагчдын зүгээс тэдний хийснийг иргэдэд тайлагнах юм. Ингэснээр иргэд, эрх баригч, сонгогдсон удирдлагуудаас ам асуух боломжтой болно.

 

Ард түмэн ухаантай шийдвэр гаргадаг

 

“Үндэсний тойм” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Р.Батсайхан

 

-Дэлхийн 23 улсад зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулаад байна. Манай улс 23 дах улс болж Улаанбаатар хотын удирдлагууд ойрын үед хэрэгжүүэлх 14 том төсөл, хөтөлбөрийг иргэдээр эрэмбэлүүлээд байна. Олон орны туршлагаас шууд ардчиллаас илүү зөвлөлдөх ардчиллал нь илүү ач холбогдолтой болохыг тогтоосон байдаг. БНХАУ-ын удирдлагууд ийм зарчмаар ард түмэнтэйгээ зөвлөлдөж хаана юу барих вэ гэдгээ шийдэж байна. Тосгоныхоо хөгжлийн асуудлыг ч ийнхүү шийдэж байгаа. Тэгвэл Монголчууд ч гэсэн эртнээс ардын үгийг сонсдог байжээ. Тод жишээ нь “Өнчин хүүгийн есөн өрлөгтэй цэцэлсэн шастир” гэж байна. Өнчин хүү ард түмнийг төлөөлөн Чингис хаантай цэцлээд архины талаар асуудалд зөвлөлдөн зөв шийдвэр гаргасан байх жишээтэй. Тэгэхээр зөвлөлдөх санал асуулгын ач холбогдол Монголын уламжлалд ч байна, дэлхий нийтийн практик ч байна. Энэ бүхнээс харахад ашиг сонирхлын зөрчилгүй ардын үг зөв шийдвэр байдаг юм байна. Тэгэхээр явж явж ард түмэн дарга нараас илүү ухаантай шийдвэр гаргадаг гэдэгт “Ардын үг” зөвлөлдөх аяны зорилго оршино.

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин