Жирэмсэн эмэгтэйчүүдэд тавих анхаарал хангалтгүй байна
2016-03-19

2015 онд Монгол Улс  нь  эхийн эндэгдлийн харьцааг 1990-2015 онд 75 хувиар бууруулснаар  Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн орны нэг болж чадсан билээ.

 

 

Эрүүл мэнд спортын яам ээлжит Удирдлагын зөвлөлийн хуралдаанаараа 2015 оны эхийн энэдэгдэл, хүндрэлийн асуудлыг  авч хэлэлцжээ.  

 

Эхийн эндэгдлийн бууралтыг таван жилийн дунджаар авч үзэхэд  тогтвортой буурсаар байгаа хэдий ч улс орны эдийн засгийн хөгжил, хот, хөдөөгийн ялгавартай байдал, эхийн нас, боловсрол, орлогын түвшин, хооллолт, архи тамхины хэрэглээ нь эх эндэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болсон хэвээр байгаа.   

 

2015 онд нийт 21 тохиолдын  9 буюу 42,8 хувь нь хөдөө орон нутагт 12 буюу 57.2 хувь нь нийслэлд эндсэн байна. ДЭМБ-аас эхийн эндэгдэлд 3 хожимдол нөлөөлдөг гэж үздэг бөгөөд хожимдлын нөлөөлөл нь тухайн улсын хөгжлөөс шалтгаалан өөр өөр байдаг гэж үздэг байна.  Эндсэн эхийн 81 хувь нь жирэмсний хяналтанд хамрагдсан, хяналтанд хамрагдаагүй эхчүүдийн 50 хувь нь өсвөр насны, оюутан эмэгтэйчүүд  эзэлж байна. Энэдсэн эхчүүдийг ажил эрхлэлтийн байдлаар авч үзэхэд ажилтай болон оюутан эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэж байгаа нь сургууль, хамт олон, албан байгууллага, аж ахуйн нэгжийн жирэмсэн эмэгтэйчүүдэд анхаарал тавьж, дэмжлэг үзүүлэх байдал хангалтгүй байгааг тус яамны  Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн  Н.Болормаа  мэдээлэлдээ онцолж байлаа.

 

 

Ийнхүү дээрх асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцсоны дараагаар доорх хэд хэдэн асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа  үүрэг болголоо.Тухайлбал, 2015 оны эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэлд дүгнэлт хийж, эхийн эндэгдлээс сэргийлэх хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг яаралтай батлуулж, хэрэгжүүлэх,  “Эхийн эндэгдлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврыг боловсруулж аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, амаржих газрын дарга захирал нарт хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,  Эх баригчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, эх барихуйн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эх баригчдын оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг тус яамны Бодлогын хэрэгжилтйг зохицуулах газарт даалгалаа.

 

 

     Мөн тэрбээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд  эхийн эндэгдлийн эмнэл зүй эмгэг судлалын болон Эрүүл мэндийн газрын дэргэдэх эхийн эндэгдлийг магадлан хэлэлцэх зөвлөлийн хуралд оролцож,удирдлага, мэргэжлийн арга зүйгээр хангах, Эх, нярайн тусламжийн алсын зайн зөвлөх багийг чадавхижуулах, итгэмжит лавлагааны аргаар 2012-2015 онд эндсэн эхийн эндэгдлийн тохиолдолд судалгаа хийж, тайлагнахыг, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт  Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн жирэмсэн эмэгтэйд хандах хандлагыг сайжруулах, тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэхэд онцгой анхаарч ажиллах, Сэргийлж болох шалтгаанаар эх эндсэн тохиолдолд ёс зүйн болон хариуцлагын алдаа гаргасан эмч мэргэжилтнүүдэд хариуцлага тооцож ажиллахыг  үүрэг болголоо.

 

 Дашрамд мэдээлэхэд дэлхий дахинаа сүүлийн 25 жилд эхийн эндэгдлийн харьцаа 44 хувь жилд дунджаар 2.3 хувиар (1990 онд 100000 амьд төрөлтөд 532000 эх эндэж байсан бол  2015 онд 303000 эх эндсэн) буурсан байна.

Shuud.mn
Сонин хачин