Г.Эрдэнэбилэг: “Үргээлэг”-т III анги байхгүй
2016-03-21

“Үргээлэг 2” уран сайхны кино өнгөрсөн бямба гаригт  нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр киноны ерөнхий найруулагч Г.Эрдэнэбилэгтэй цөөн хором ярилцлаа.

 

-Юуны өмнө баяр хүргэе. Хоёр жилийн хөдөлмөрийн үр шимээ өнөөдөр үзэгчдэд тайлагнах гэж байна.

-Баярлалаа. Уран бүтээлчдийн сэтгэл догдлуулсан мөч ирчихээд байна. Үзэгчдийн сэтгэлд нийцсэн уран бүтээл байгаасай гэж дотроо залбирч байна. Үзэгч байхгүй бол бид хэн ч биш юм.

 

-“Үргээлэг 1” киноны нээлтэн дээр “Бидэнд үргээлгээр хөндөх олон зүйл байна” гэж хэлж байсан. Энэ удаад юуг хөндөв?

-Дөнгөж нээлтээ хийх гэж байгаа учраас одоо би санаа, оноогоо хэлчихмээргүй байна. Үзэгчид маань ямартай ч үзээд юуг хэлэхийг зорьж вэ гэдгийг ойлгох байхаа. Магадгүй жаахан хүндхэн санагдаж магадгүй. Гэхдээ өнөөдөр бодит байдал, нийгэм ийм л байна. Үүнийг зоригтой дуугаръя гэж зорилоо. Мэдээж гадаадын шунахай луйварчдын гар хөл болж эх нутгийнхаа баялгийг зөөж тэдэнд үйлчилсэн ,түүнийг таслан зогсоохын төлөө явж байгаа залуусын тухай адал явдал үргэлжилнэ. Адал явдалт төрлийн жанр болохоор хөөцөлдөөн эгзэгтэй үйл явдал, буудалцаан амь өрссөн тулаан зэргийг өөрсдийн боломжийн хэрээр шигтгэж өгсөн байгаа.

 

-“Single Ladies” зэрэг зарим киноны хоёрдугаар анги өмнөхөөсөө тэс өөр утга санаатай хийгдсэн. Харин “Үргээлэг” киноны хувьд нэгдүгээр  ангийн үйл явдал үргэлжлэх үү?

-Мэдээж хүн бүхэн нэгдүгээр ангийг үзээд энэ ямар сонин төгсчихөв өө гэх төөрөгдөлтэй үлдсэн болов уу. Тэр гогцоог л үргэлжлүүлж байгаа санаа л даа. Анхнаасаа бид “Үргээлэг” төсөл гэж эхлүүлсэн учраас хоёрдугаар анги байгаа гэдгийг хэлж байсан.

 

-Дахиад анги бий юу?

-Энэхүү киногоор “Үргээлэг” төсөлд цэг тавьж байна гэж ойлгож болно. Гуравдугаар анги бол хийгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе.

 

-Олон улсын түвшинд үнэлэгдэхүйц бүтээл болсон гэж байна. Киногоо дэлхийн зах зээлд гаргах бодол байна уу?

-Мэдээж уран бүтээлч хүн шунаж л явах ёстой. Зогсох ёсгүй, цаашаа давших ёстой. Илүү их эрэл хайгуул хийж, цаашид хөгжиж дэвших боломжийг бодолцож, харж явах учиртай. Амьд сэрүүн байвал, тархи толгой ажиллаж л байвал зүтгэх л хэрэгтэй. Тийм болохоор Холливуудад гаргаж, дэлхийн зах зээлд хүч сорьж яагаад болохгүй гэж. Энэ бол уран бүтээлч хүн бүрийн мөрөөдөл.

 

-Гаднаас жүжигчид тоглуулсан гэсэн?

-Киноны баг бүрэлдэхүүнд нийтдээ 300-аад хүн ажилласан. Киноны олны хэсэгт тоглосон хүмүүсийн тоог нийлүүлбэл бараг 700-800 орчим хүн энэ кинонд ажилласан гэж хэлж болно. Киноны зургийг Монголд, БНХАУ, Хонгконгод очиж авсан. БНХАУ, ОХУ-аас жүжигчин ирж тоглосон байгаа. Гадны жүжигчдийн хувьд нэр алдарт хүрсэн мундаг жүжигчин байхгүй. Гэхдээ мэргэжлийн жүжигчдийг урьж тоглуулсан. Ямар ч байсан чадахаараа л ойлголцож хийлээ. Одоо харин үзэгчдийн үнэлэлт  л мэднэ дээ. Олон хүний хөлс хөдөлмөр шингэсэн уран бүтээл болсон гэж бодож байна.

 

-Гол дүрийн ганц эмэгтэйн хувьд?

-Үзэгчид санаж байгаа бол “Элсний нүүдэл” киноны Анхмаагийн дүрийг бүтээж анх гарч ирж байсан жүжигчин Дэлгэрмаа тоглосон. “Элсний нүүдэл” кинонд тоглосноос хойш уран бүтээлд тоглоогүй. Үүгээрээ сонин байх болов уу. Тэр болгон үзэгчдийн өмнө гараад байдаг жүжигчдээс илүү шинэлэг, сонин байлгах үүднээс сонгож тоглуулсан. Мөн киноны маань Хулан гэдэг дүрд Дэлгэрмаагийн байгаа байдал, дүр төрх нэлээн дөхөж очихоор байсан учраас олон эмэгтэйчүүдийн дундаас сонгосон доо.

 

-Таны хувьд УДЭТ-ын жүжигчин. Найруулагчийн ажил хэр санагдав?

-Хэцүү. Гэхдээ уран бүтээлч хүн уран бүтээлээрээ нийгэм рүү ямарваа нэгэн байдлаар дуугарч байх ёстой гэж би боддог. Өнгөрсөн жил би “Аав” киног найруулсан. Бас л нийгэм рүү дуугарая гэж зорьсон. Дуугарч чадсан болов уу гэж бодож байгаа. Тухайн үед хичнээн муу муухай мэдээллүүд сошиалаар тархаж, гэр бүлийн хүчирхийлэл ямар хэмжээнд хүрчихээд байна вэ гэдэг дээр эмзэглээд тухайн киног найруулсан. Кино аль нэг байдлаар нийгэмд үр өгөөжөө өгсөн болов уу гэж бодож байгаа. “Үргээлэг” ч мөн адил дуугарах гэсэн санаа бий. Гэхдээ кино маань дөнгөж нээлтээ хийх гэж байгаа учраас би учиргүй санаагаа дэлгэмээргүй байна. Ямартай ч чадахаараа хичээж ажилласан. Хамгийн гол нь нэг ангийн хамт олон нэг зүг рүү, санаа бодол, зорилго нэгтэйгээр ажилласанаар давуу тал гэж бодож байна.

 

-Цаашид кино найруулах бодол байна уу?

-Би СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Үндсэндээ бол жүжигчин гэдэг статусаар ажиллаж байна. Сүүлийн үед кино урлагийг их сонирхож байгаа. Кино найруулна гэсэн бодол бий. Хойшдоо уран бүтээлүүд дээр ажиллахдаа нийгэмд болохгүй байгаа аль нэг санааг дуугарсан, нээрээ бид өнөөдөр хаана алхаж, гишгэж явна вэ гэх зэргээр үзэгчдэд нэгийг бодогдуулсан, болохгүй зүйлийг шүүмжилсэн, болж байгааг нь эерэг талаас нь уриалсан тийм уран бүтээл хийнэ гэж бодож байгаа.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин