Манай бөхчүүд гурван олимпийн эрх, таван медальтай ирлээ
2016-03-21

 

Казахстаны Астана хотноо чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. 

Энэхүү тэмцээнд хүч үзсэн манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд О.Үйтүмэн, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд П.Орхон нар "Рио-2016" олимпийн эрхээ өвөртлөн ирлээ. 

 

 

Мөн эрэгтэйчүүдийн 97 кг-д барилдсан Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 75 кг-д хүч үзсэн Б.Одончимэг нар хүрэл медаль хүртсэн билээ. Ингэснээр манай тамирчид гурван олимпийн эрх, таван медаль хүртэж  Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс ганзага дүүрэн ирж байна. Энэхүү тэмцээнд эхний хоёр байрт шалгарсан тамирчинд олимпийн эрх олгосон билээ. 

 

Манай чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн жил АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-ээс эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд нийт зургаан олимпийн эрх аваад байсан. Казахстанд үлдсэн зургаан эрхийн төлөө өрсөлдснөөс гурвыг нь авч, чөлөөт бөхийн баг тамирчид "Рио-2016" зуны олимпийг зорих есөн эрх өвөртлөөд байгаа юм. 

 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин