Ахмад онгоцоо санаатай сөнөөсөн үү
2016-03-21

Зорчигч тээврийн онгоц осолдож, 62 хүн амиа алджээ. Энэ талаар “www.wort.lu” мэдээлэв.

 

 

Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотын нисэх буудлаас хөөрсөн “Fly Dubai” компанийн “Boeing 737-800” онгоц Оросын Ростов-на-Дон хотноо буух үедээ осолдож, сүйрчээ. Ослын улмаас багийн долоон гишүүн болон 55 зорчигч бүгд амиа алдсан юм. Онгоц энэ бямба гаригийн шөнө Ростовын нислэгийн зурваст газардах гэж хоёр удаа оролдсоны эцэст осолджээ. Ослын дараа Ростовын нисэх буудлын бүх нислэгийг цуцалж, цагдаагийнхан ослын газрыг хамгаалалтадаа авчээ. Ослын газар 500 гаруй хүн болон 60 гаруй техник төхөөрөмж ашиглаж, орон нутгийн цагаар өчигдөр 14.00 цагт 20 зорчигчийн цогцсыг гарган авч, шарил хадгалах газар руу илгээжээ.

 

Албаны хүмүүс ослын шалтгааныг цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж байна. Онгоц осолдох үед тэнгэр бүрхэг, хүчтэй салхитай байжээ. Харин сэтгүүлчид болон олон нийт албаны хүмүүсээс эсрэг байр суурьтай байна. Нисгэгчийн алдаа, техникийн бүрэн бүтэн байдалтай холбоотой гэжээ. Зарим эх сурвалж ахмад онгоцыг санаатай сүйрүүлсэн хэмээн сэрдэж байгаа юм.

 

Ростовын нислэгийг ахалж явсан ахмадыг Аристов Сократоус, хоёрдугаар нисгэгчийг Алехандро Алава гэдэг байжээ. Хоёрдугаар нисгэгч Ирландын иргэн бөгөөд эхнэр нь гурван сартай жирэмсэн гэнэ. Ахмад 10 гаруй жилийн туршлагатай. Ганц ч удаа алдаа гаргаж байгаагүй хэмээн Fly Dubai” компаниас мэдээлэв.

 

 

“Ахмадыг ямар нэгэн шашин эсвэл зэвсэгт бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулж байна” хэмээн  албаны хүн мэдээлжээ. “Boeing 737-800” онгоц газардах үедээ дэлбэрсэн учир бүх зорчигч амиа алдсан байна. Аврах албаныхан ослоос 24 цагийн дараа онгоцны хар хайрцагны бичлэгийг олж, өчигдөр Москва хот руу илгээжээ.

 

“Онгоц осолдох үедээ ганц ч удаа төв станцдаа ослын дуудлага өгөөгүй нь олны анхаарлыг татаж байна. Хар хайрцагны бичлэгийг тайлж, оньсого мэт ослын шалтгааныг тайлах боломжтой” хэмээн Ростовын Аврах албан мэдэгдэв.

 

Амиа алдагсдын 44 нь ОХУ-ын иргэн, Украины найм, Энэтхэгийн хоёр, Узбекистаны иргэн байсан бөгөөд тэдний дөрөв нь хүүхэд байжээ. Мөн нисэхийн багийн гишүүдэд Кипр, ОХУ, Колумб, Сейшель, Киргизстан, Испанийн иргэд гэв.  Эхний ээлжинд Ростовын Захирагч Василийн Голубев хохирогчдын гэр бүлд нэг сая рублийн нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч “Орт 1” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ. “Бүх хохирогчийн мэдээлэл ил болсны дараа нөхөн төлбөр данс руу нь шилжих болно” хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Дэлбэрэлтээс болж зорчигчдыг таних ажиллагаа сунжирч байгаа юм.

 

“Fly Dubai” компанийн гүйцэтгэх захирал Гейт аль Гейт “Ослын шалтгаан тодорхой болсны дараа нөхөн төлбөрийн асуудлаар ярилцах болно. Нисгэгчид Ростовын нисэх буудалд онгоцоо газардуулах гэж нэг бус хоёр удаа оролдсон. Тэд өөр газардах буудал хайн Ростовын дээгүүр хоёр цаг эргэлдсэн. Тиймээс нөөц буудал гаргаж өгөөгүй онгоцны буудлынхан ослын буруутнууд” гэж мэдэгджээ. Энэ асуудлаар мөрдлөгө явуулахаар болсон байна.

 

Онгоц буух эхний оролдлогын үеэр сүүл хэсгээ гэмтээсэн бол хоёр дахь оролдлогынхоо үеэр дэлбэрчээ. Ослын дараа хохирогчдын гэр бүл Ростовын нисэх буудалд эмх замбараагүй байдал үүсгэж, албаны хүмүүсийг үнэн зөв мэдээлэл өгөхийг шаарджээ.

 

Ерөнхийлөгч В.Путинийг ослын газар ирэх хүртэл албаныхан ослын мэдээллийг задруулаагүй юм. Путин хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэн, ослын шалтгааныг хариуцан ажиллаж буй хүмүүсийг хүлээн авч уулзах үеэрээ мэдээллийг ил тод болгохыг үүрэгджээ. Мөн Москвагаас шинжээчдийг илгээх зарлиг буулгасан байна. Албаныхан хохирогчдын гэр бүлийг тайвшруулахыг тулд сэтгэлзүйчдийг илгээжээ. Ерөнхийлөгч “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Ослын шалтгааныг сайтар тодруулах хэрэгтэй” гэсэн байна. Түүнийг үг хэлсэний дараа Кремлийн ордны өмнө байрлах Оросын төрийн далбааг хагас бөхийлгөжээ.

 

“Онгоц газардах үед хүчтэй салхитай байсан” хэмээн Онцгой байдлын яамны Зүүн өмнөд бүсийг хариуцсан дарга Игорь Одер мэдэгдэв. Одер “Ослын шалтгааныг тодруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна. Онгоц хурдан хугацаанд сүйрсэн. Гал гарсан гэх мөр олдоогүй. Онгоц хөөрөх зурваст ороод газардаж чадаагүй учир хоёр цагийн турш ниссэн. Түлш дууссан эсэхийг тодруулж байна” гэжээ. Осолдсон “Boeing 737-800” онгоц 189 зорчигчийн багтаамжтай юм.

 

Нэгэн блогчин “Путин Сирийн ард түмнийг хамгаалах бус биднийг хамгаалвал яасан юм бэ. Зөвхөн онгоцны ослоор хэдэн хүн бурхны орон руу залрах юм. Онгоцны бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулан, улсаас мөнгө төсөвлөөч. Нисгэгчид ур чадвартай тулдаа л зорчигчид амьд үлдэж байна” гэж бичжээ.

 

Оросын агаарын тээврийн “Когалымавиа” компанийн “Airbus A321” онгоц өнгөрсөн оны аравдугаар сард Египетийн Синай хойгт осолдож, 224 хүн амиа алдсан юм. Амиа алдагсдын дунд бага насны 17 хүүхэд байжээ. Хэт даврагчид зорчигчийн суудлын дор тэсрэх бөмбөг байршуулж, онгоц өндрөө авсаны дараа дэлбэлсэн болохыг тогтоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Миний монгол:
Ум сайн амгалан болтугай во имя отца и сына и святого духа аминь ум мани бадмэ хум
2016-03-21