Хоккейчид хүрэл медаль хүртжээ
2016-03-21

Шайбтай хоккейн Азийн цомын аварга шалгаруулах "Asian challenge cup" тэмцээн энэ сарын 12-18-ны өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зохиогджээ. Тус тэмцээнд манай хоккейчид хүрэл медаль хүртлээ.

 

 Монгол Улсын хоккейн шигшээ баг энэ сарын 18-ны шөнө сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж, 7:3 онооны харьцаагаар хожсон байна. Улмаар “Asian challenge cuр” тэмцээнээс ийнхүү сүүлийн дөрвөн жил дараалан хүрэл медаль хүртжээ. Энэ удаагийн тэмцээний аваргаар Тайваны баг шалгарсан бол АНЭУ мөнгөн медаль хүртсэн байна. Хоёр багийн хувьд адил гурван хожилтой байсан бөгөөд шийдвэрлэх тоглолтод Тайваны хоккейчид зохион байгуулагчдыг 6:1-ээр буулган авч сүүлийн дөрвөн жил дараалан аваргын цомыг өргөжээ.

 

Эргэн сануулахад өнгөрсөн сард ОХУ-ын Ульяновск хотноо болсон Бөмбөгтэй хоккейн  ДАШТ-нд манай улсын шигшээ баг амжилттай оролцож дөрөвдүгээр байрт орсон билээ.  Тус тэмцээний дараа шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн “Хэдий манай шигшээ баг хожигдсон ч шигшээ багийн арга барил, тамирчидын хувийн ур чадвар дээд ангилалд тоглож чадахаар болсныг гэрчилсэн. Тэмцээнд оролцож байгаа бусад орны тамирчид цалин авдаг, хоккейгоос өөр ажил хийдэггүй, мэргэжлийн тамирчид байдаг. Гэтэл манай багийнхан бүгд өөр өөр ажилтай ч энэ зэргийн амжилт үзүүлсэнд бусад орны дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүд гайхаж байсан. Улсаас дасгал хийх материаллаг бааз, мөсөн ордон бариад өгвөл бидний амжилт хязгааргүй.  Ер нь өвлийн спортыг дэмжиж, хөгжүүлмээр байна” хэмээж байсан.

 

Манай баг тамирчид долоодугаар сард БНАСАУ-д болох нөхөрсөг тоглолт, наймдугаар сард Азийн бүсийн аврага шалгаруулах тэмцээн болон 2017 оны Саппорогийн Өвлийн наадамд оролцох эрхээ аваад байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин