“Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд цэцэг өргөлөө
2016-03-21

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ардын урлаг судлагч, яруу найрагч Жамцын Бадраа агсны 90 насны ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнд Ардын жүжигчин Г.Хайдав, УГЗ Д.Ухнаа, СГЗ, Ардын уран зохиолч П.Бадарч, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын үе үеийн уран бүтээлч хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв.

 

Яруу найрагчийн "Багш та", "Жаргаах зүрхэн", "Гайхмаараа", "Найрсаг байгаасай" зэрэг 300 орчим дуу байдгаас XX зууны манлай дуу болох "Халуун элгэн нутаг"дууг нь хөшөө болгон мөнхөлсөн.

 

Ж.Бадраа нь 1926 онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт Жамцын ууган хүү болон мэндэлжээ. 16 нас хүртэл аав ээжийн хамт мал маллаж хөдөө өссөн. Улмаар Мөрөнгийн дунд сургуульд элсэн орж 1944 онд төгсч Улаанбаатар хотын багшийн сургуульд шилжин хоёр жил сураад 1946 онд Улсын Их Сургуулийн багш нарын факультетийн хэл бичиг, утга зохиолын ангид суралцаж 1950 онд төгсчээ.

 

Тэрбээр Орос хэлнээс "Евгений Онегин", "Лусын дагина", Италиас "Тоска", Энэтхэгийн нэрт зохиолч Р.Таагүүрийн "Өргөлийн дуулал" шүлгийн түүвэр, "Цусан тахилга" жүжгийг Хинди хэлнээс орчуулжээ. Мөн Монгол ардын дуу "Сүнжидмаа"-г найруулан дуу бүжгийн цомнол бичсэн нь өдгөө ч олны хүртээл болсоор байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин