”Цэнхэр алт”-аа хайрлан хамгаалъя
2016-03-22

Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдалаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 онд жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны Өдөр" болгон, жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн ба НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, манай улс 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж ирсэн юм.

 

 

Энэ жил “Ус ба ажлын байр” уриан дор усны өдрийг дэлхийн нийтээрээ тэмдэглэж байна. БОНХАЖЯ холбогдох байгууллагуудтай хамтран Дэлхийн усны өдрийн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд Н.Батцэрэг сайд:

 

 

Ус бол усны салбарын олон хүнийг ажилтай болгодог. Усны хайгуул, судалгаа хийж нөөцийг тогтоохоос эхлээд усыг хуримтлуулах, тохируулах, олборлох, дамжуулах, хадгалах, түгээх, ариутгах, цэвэрлэх, чанарыг сайжруулах, усны үер гамшгаас хамгаалах зэрэг үйл ажиллагаанд маш олон хүний хамтын ажиллагаа шаардлагатай байдаг.
Хүн ам, эдийн засгийн салбаруудаа хүрэлцээтэй, найдвартай усны эх үүсвэртэй болгохын зэрэгцээ байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж, ногоон хөгжлийн бодлогыг төрийн эрхэм зорилго болгон ажиллаж бай
на хэмээсэн юм.

 

Дэлхийн усны өдрийн хүрээнд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Олон улсын хилийн усны харилцаа, гэрээ конвенц” сэдэвт бага хурал, сургалт, ШУТИС дээр “Ус ба уламжлал” сэдэвт ярилцлага, МУИС дээр “Ус-Хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XI бага хурал, МҮЭХ-ны байранд “Ус ба ажил” сэдэвт хэлэлцүүлэгийг зохион байгуулж байна.

 

Мөн энэ өдөр Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ-ы Элчин Сайдын Яамтай хамтран урлагаар дамжуулан дэлхийд болон Монгол улсад тулгамдаж буй усны хэт хэрэглээ, усны нөөцийн хомсдол болон усыг хайрлан хамгаалах тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Ухаалаг Ус” төслийн аянг санаачлан 2016 оны 3-р сарын 19-өөс 4-р сарын 19-нийг хүртэл хэрэгжүүлэх гэж байна. 



Төслийн хүрээнд МУЗ нь кино ба дүрслэх урлагаар дамжуулан Улаанбаатар хотын иргэдийн усны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, усыг зохистой хэрэглэж хэвших дадлыг нэмэгдүүлэх Монголын болон гадаадын кино, танин мэдэхүйн цуврал видео болон постер танилцуулга, усны асуудлыг хөндсөн “Ухаалаг ус” мөсөн баримал бүтээж олон нийтийн хүртээл болгосон юм. 



АНУ-ын Колумбын Их Сургуулийг төгсөгч, уран бүтээлч Ё.Төгөлдөр, уран барималч Ц.Батмөнх нар хамтран, усны хэт хэрэглээнээс болж байгаль дэлхий, усны нөөцөд ямар их хохирол учирч буйг шүүмжлэлт, сонирхолтой, харьцуулсан байдлаар илэрхийлсэн мөсөн баримлыг Чингисийн талбайд урласан юм. Түүнчлэн урлаг, нийгэм, байгаль орчны мэргэжилтэнүүдтэй хамтран олон нийт, хүүхэд залуучуудад “УС” гэсэн сэдвийн хүрээнд мэдлэг олгох цуврал уулзалт, ярилцлага, лекц, үзвэрийг зохион байгуулсан юм. Үүнд: Уламжлалт арга ухаанаар байгаль эх дэлхий, усны ундаргыг хайрлан хамгаалахыг уриалсан найруулагч Р.Доржпаламын 1961 онд бүтээсэн “Алтан Өргөө” Монголын уран сайхны киног 2016 оны 03-р сарын 19-нд Тэнгис кино театрт толилуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд АНУ-ын найруулагч Тиерри Пиантанида, Баптист Рожет-Лучайрийн “Цангасан ертөнц” , найруулагч Жефф Орловскийн ‘Мөсөн голын мөхөл”, найруулагч Николь Ньюхамын “Хувьсгалч өөдрөг үзэлтнүүд” зэрэг баримтат киног Өргөө, Гэгээнтэн, Хүннү кино театрт 3-р сарын 22, 24, 26-нд тус тус үнэ төлбөргүйгээр үзүүлж, уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Усны мэргэжилтэнгүүдээ мөнгө идэхээ бодохын оронд мэдлэг боловсролоо дээшлүүлээч, Номхон далай ширгээгүй цагт Монгол орон цэвэр усаар гачигдана гэсэн ойлголт байхгүй шүү дээ.
2016-03-22