Осол гаргасан бол хэргийн газрыг бүү орхи
2016-03-23

Зам тээврийн осол гаргасан согтуу жолооч хэргийн газрыг орхиж явжээ. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Энэбишийн өргөн чөлөө, “Баянгол” их дэлгүүрийн хойд замд амины "Nissan Pulsar" автомашины жолооч Т нь явган зорчигч тус дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух, 21 настай, иргэн А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна. 

 

Жолооч Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргаад, хэргийн газрыг орхиж зугтсан жолоочид хүлээлгэх шийтгэлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуулинд заажээ. 

 

27 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох

 

27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

 

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна. 

 

34 дүгээр зүйл.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ үл биелүүлэх

 

34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. 

 

216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах

 

216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна. 

 

Б.Хүлэг 

Shuud.mn
Сонин хачин