Стэнфордын эрдэмтдийг хүлээн авч уулзав
2016-03-23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд, судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

 

Эрдэмтэд судлаачид Монгол Улсын ардчиллын явц байдал, амжилтад хүрсэн замнал, иргэдийн аж байдал, зах зээлийн нийгэм, малчдын ахуй, аж төрөл гээд олон сэдвээр сонирхсон асуултдаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хариулт авав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдний асуултад хариулахдаа Чингис хаанаар дэлхийн олон хүн мэддэг Монгол орон нь 1921 оноос хойш 70 жилийн турш коммунизмын замаар замнаж байгаад 1990 оноос ардчилал, чөлөөт зах зээлийн замыг сонгон авч ардчиллыг тууштай, хэлбэрэлтгүй хөгжүүлж байгааг онцолж байлаа. Монголчууд эртнээс эрх чөлөөг эрхэмлэж ирсэн тул хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилалд тайван замаар амжилттай шилжин орсон. Эрт цагаас хөх тэнгэрийн дор, хуулийн дор захирагдах журмыг дагаж ирсэн тул хуулийн засаглалыг тогтооход дөхөмтэй байсныг мөн тэмдэглэж байв.

 

Өнгөрсөн хугацаанд тоталитар засаглалыг халж, хууль, шүүхийн тогтолцоог бүрэн шинэчилж Монгол Улс бүрэн нээлттэй, арчилсан, чөлөөт хэвлэл бүхий улс болсон. Одоогоос 26 жилийн өмнө дан ганц төрийн өмч ноёлж байсан Монголд өнөөдөр хувийн өмч үнэмлэхүй давамгайлж, хувийн хэвшил эдийн засгийн гол цөмийг бүрдүүлж байгаа. Трансперенси интернэшнл байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсын авлигын индекс байнга урагшилж, авлига буурч байгааг хэллээ.

 

Улсын төсвийн зарцуулалт, санхүү шилэн тогтолцоонд шилжиж, иргэд твиттер, фейсбүүк, инстраграмм ашиглан хяналт тавих боломж бүрдсэн. Байгалийн баялаг ихтэй Монгол Улсад ашигт малтмал ашиглахад иргэд хяналт тавьж, орон нутгийн иргэд эсэргүүцвэл лицензийг цуцлах хүртлээ иргэдийн оролцоо идэвхжсэнийг тэмдэглэж байв.

 

Мөн шууд ардчилал, иргэний оролцоог идэвхжүүлэн, Иргэний танхимууд байгуулсан. Социализмын үед 25 сая толгой байсан мал сүрэг 50 сая толгойд хүрч өссөн. Энэхүү 50 сая толгой мал нь 50 сая био үйлдвэр, 50 сая өндөр технологи юм гээд ингэний сүүгээр чихрийн шижинг анагаах эм бэлдмэл үйлдвэрлэж болдог. Япончууд энэ чиглэлийн үйлдвэрлэл явуулах гэж байна. Адууны яснаас кальци гарган авсан нь өндөр үр дүнд хүрч байгаа зэргийг сонирхууллаа.

 

Стэнфордын их сургуулийн эрдэмтэд, судлаачдын төлөөлөл энэхүү уулзалтаар өнгөрсөн 26 жилийн дотор Монголд ардчилал хэрхэн хөгжиж, бүс нутагтаа үлгэр жишээ үзүүлэхүйц орон болсон явц, туршлагын талаар олон зүйл сонсож мэдсэн юм.

 



Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ц. Оюунгэрэл нь байна уу энэ эрдэмтдийн хамт. Тэр чинь энэ сургуулийг төгсөө биз дээ. Тэгээд яагаад эдэнтэйгээ уулздаггүй юм бол?
2016-03-23