Тэдний үг
2016-03-24

Түшээдийн чуулган хурлын танхим, олон нийтэд хандаж хэлсэн үг мэдэгдэл бүр учир жанцантай. Брэнд гэх үү трэнд үгтэй болсон гишүүд олон бий.

 

С.Дэмбэрэл гишүүн “Би уугаасаа хоцордог юм”, Л.Эрдэнэчимэг гишүүн “Тавантолгойг гацаасандаа баяртай явдаг”. Сүүлийн үед нэлээн газар аваад байгаа Ц.Нямдорж гишүүний “Даашинзны хормой доорх улс төр” гэх мэт баяжсаар байгаа.

 

Ер нь манай гишүүд байр суурь үзэл бодлоо илэрхийлж ярилцлага өгөх мэдэгдэл хийхдээ задгай авна л даа. Тэгдэг ингэдэг хүн би биш. Тэгж явдаг хүн нь би биш гэх зэргээр бусдыгаа бүдгэрүүлсэн “би илүү шүү, чи амжихгүй шүү” гэсэн амбиц бол байнга л илэрхийлж байдаг.  БИ-гийн ялгарах хүсэл маш ихээр биежсэн байх нь улстөрчдийн онцлог гэж болно.

 

Нөлөө бүхий улстөрчдийн амнаас барууны хайрын дуунд ихээр хэрэглэгддэг “never” /хэзээ ч үгүй/ гэсэн үг гарах нь мөн их. Үүнтэй адил “тэгэхгүй ингэхгүй” гэж задгай хэлдэг нь гишүүдийн дараа дараагийн улс төрийн үйл явдалд эргээд ам асуулт болж ирдэг. Ц.Нямдорж гишүүний хоёр намын нэгдэх тухайд “их мөрөн шалбаагт цутгадаггүй юм” гэсэн үг өнөөгийн нөхцөл байдалд хэцүү л ишлэл болоод байна. Улс орноо биш гэхэд АН-ыг хашраахаа бодвол нэгдмээр нийлмээр. Хэлсэндээ хүрдэг улстөрчийн имиджээ бодохоор тас гүйриймээр.

 

Гар нь түргэн Буян Жагаа, ам нь болохгүй Л.Гүндалай гээд чуулгганы гадна байдаг давуу талаараа чөлөөтэй задгай ярьдаг улстөрчид байдаг. Олон нийтийн сүлжээ тэдний үг яриаг элэглэж зарим нь үнэн шүү гэж догиож трэнд болгоод байхаар бусад нь бас дуурайх гэж яваад галууны үлгэр болох тохиолдол ч ажиглагддаг.

 

Хүний тэр дундаа улстөрчдийн үг үйлдлийг салгаж ойлгож болохгүй. Бенз биширсэн яриагаар нэг гэнэдэж араас нь туулай агнасан зургаа гайхуулж бүр сандарсан Л.Эрдэнэчимэг гишүүн. Кэнди краш-т орчихсон хүүхдээрээ түшээ З.Баянсэлэнгэ гишүүн сайд гээд тэр үедээ трэнд одоо бол онигоо болсон улстөрчдийн үг үйлдлийг удахгүй нэг бөөндөнө гэж бодож яваа.

 

Хичээж ярих тусмаа цаад бодлоо хамаагүй ярьчихдаг түшээд байдгийг товч дурдаад энэ удаад өндөрлье дөө. Эвсэлдээ од болоод байгаагаа хүлээн зөвшөөрчихсөн яваа О.Баасанхүү гишүүн “...Би эвслийн бүлгээс гарвал Засгийн газар шууд огцорно. Өөрөөр хэлбэл, миний бүлгээсээ гарах шийдвэр эвслийн бүлгийг задлаад зогсохгүй Засгийн газрыг огцруулах хэмжээнд очих эрсдэл байгаа учраас би бодож байна” гэж дээ. Мөн төгсгөлд нь “...Тэгээд ч миний хувьд дэд дарга болно гэдэгт хууртаад, хөөрцөглөөд явах нас ч биш, цаг ч биш” гэжээ.

 

Хууртаад гэсэн энэ үг бол Түшээ хүний аманд зажилсан бохь шиг үг дээ. Н.Энхбаяр дарга шигээ шадар сайдын суудал дээр хулхилдуулсан гэж хэлэхийг зорьсон юм болов уу гэж учир ойлгодог хүн болж тайлж уншиж сууна. Төр хямарсан нэн эгзэгтэй цагт улстөрч хүний хувьд хэт их юмаа нэг дор хэлчихсэн байгаа юм. Мушгисан хүнд бол хэн нэг “Х”-ийг шантаажилсан нөгөө талаас намайг сайн “гуй” гэсэн сэтгэлийн хөөрөл ч цухалзана. Үүнийхээ араас дэд даргаар тохиролцохгүй гэдгээ ч мөн хэлээд л тавьсан байх юм. Үгэн дотор үг бий гэдэг. Элгээрээ хэвтсэн Эрүүл мэндийн сайдыг онилсон уу.

 

П.Баяр

Shuud.mn
Сонин хачин