Архангайн зарим сумдад 101 сая төгрөгийн тусламж үзүүллээ
2016-03-29

Японы хүүхдийг ивээх сангаас хаваржилт хүндэрсэн аймгуудад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд өнөөдөр Архангай аймгийн удирдлагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, тусламжийн цувааг тус аймгийн Тариат, Хангай, Цахир сумдын зүг хөдөлгөлөө.

 

 

Хүүхдийг ивээх сангийн олон улсын шинжээчдээс бүрдсэн баг өнгөрсөн нэгдүгээр сард өвөлжилт хүндэрсэн сумдад нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ хийж улмаар зорилтот сумдыг тодорхойлон ийнхүү хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа аж.

 

Санамж бичгийн дагуу хамгийн ихээр мал хорогдож, гамшгийн хэмжээнд хүрээд буй Цахир, Хангай, Тариат сумын малчдад 101 сая орчим төгрөгийн хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхээр болж буй юм. Тусламжийг хуваарилахдаа  хонин толгойд шилжүүлснээр 200-гаас доош малтай 600 орчим өрхөд 95 тонн тэжээл, 100-аас доош малтай 320 орчим өрхөд 45 сая төгрөгийн бэлэн мөнгийг олгох ажээ. Түүнчлэн малчдын эрүүл мэндэд анхаарсан, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх тал дээр санхүүжилтийг тооцож хуваарилсан байна.

Shuud.mn
Сонин хачин