Германыг заналхийллээ
2016-04-01

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл “Герман улсад бэлдсэн бидний бэлэг” гэх дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт хэт даврагчид Германы Канцлер Ангила Меркелийн ажлын өрөө болон Кельн хотын “Cologne-Bonn” нисэх буудлыг дэлбэлж буйгаар гарчээ.  

 

Нэгэн хэт даврагч “Аллахын хүслээр би дараагийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Бид үүргээ амжилттай гүйцэтгэдэг гэдгийг та бүхэн мэднэ” гэж хэлжээ. Кельн хотыг онцолсон нь зул сарын баярын өмнө Ойрхи Дорнод болон Африк гаралтай дүрвэгсэд эмэгтэйчүүд рүү халдсан билээ.

 

Бичлэг интернэтэд байршсаны дараа Германы Тагнуулын байгууллага бичлэгийг шалгаж эхэлсэн байна. Тус бүлэглэл твиттертээ “Ах дүү хоёр Брюссель хотноо гайхалтай бэлэг барьсан” гэж жиргэжээ. Мөн тус бүлэглэлийн эрхлэн гаргадаг “Далиф” сэтгүүлд “Санаатай дайныг өдөөж, эмэгтэйчүүдийг минь хүчирхийлж, эрчүүдийг алж, хүүхдүүдийг минь зэрэмдэг болгосон барууны чөтгөрүүдээс заавал хариугаа авах болно” гэсэн байна.

 

Брюссель хотноо өнгөрсөн сарын 22-нд дараалласан дэлбэрэлт болж, 34 хүн амиа алдаж, 250 хүн бэртсэн бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Парис хотын долоон газар халдлага болж, 130 хүн амиа алдсан билээ. Эдгээр халдлагын хариуцлагыг тус бүлэглэл хүлээсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин