Г.Баярсайхан: Малчдын хойч үеийг бэлтгэх зайлшгүй шаардлага байна
2016-04-01

Малчдын залуу халаа” уулзалтад 120 малчин оролцлоо-

 

Хөдөлмөрийн сайдын санаачилгаар залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг сургах, ахмад үеийн малч ухааныг өвлүүлэх сургалтын агуулга, арга хэлбэрийг тодорхойлох зорилготой зохион байгуулсан “Малчны залуу халаа” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр ГХЯ-ны хурлын танхимд боллоо.

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын залуу халааг бэлтгэх, малч ухааныг өвлүүлэх арга замыг тодорхойлох төрийн бодлогод малчдын санаа бодлыг тусгахад оролцоно уу гэсэн урилгыг  Хөдөлмөрийн яамнаас малчдад илгээсэн юм. Тэр дагуу энэ удаагийн уулзалтад Төв, Хэнтий, Баянхонгор, Дундговь, Булган зэрэг аймгаас 120 орчим хүн ирсэн.

 

 

Урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн малчдад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан талархал илэрхийлж хэлсэн үгэндээ Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 орчим хувийг ажлын байраар хангадаг гэдэг утгаараа төрийн бодлогын төвд байдаг. Тэгээд ч улс орны эдийн засгийн өсөлтийг уул уурхайн салбараар төсөөлж харахаас илүүтэй буянт мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтийг сайжруулж, малчид, фермер эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэмүү өртөг бий болгоход анхаарах шаардлага тулгарч байгааг онцолсон юм. Тэрбээр мөн “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогоор дэд хөтөлбөрүүд батлагдсан. “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр малчдад зориулсан банкны зээлийн хүүг бууруулсан нь өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг өсгөх, үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжийг бий болгож байна.  Түүнчлэн мах болон мал аж ахуйн түүхий эдийн үнэ унаж, малчид бэлэн мөнгөний хомсдолд орж байгааг анхаарч тэдэнд зориулсан зээлийн хүүг бууруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Манай Хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.  Хөтөлбөрийн хүрээнд малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр ханган 9568 иргэнийг сургалтад хамруулж, 4821 байнгын ажлын байрыг бий болгоод байна.

 

            Засгийн газраас малчдын хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуйн салбар, холбогдох үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа тул мал сүргийн тоо толгойг өсгөх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байна.

 

Өнөөдөр мэргэжлийн боловсрол, сургалтын 9 байгууллагад эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжлээр 157, малын эмчээр 57, малын асаргаа мэргэжлээр 38 гээд нийтдээ 252 хүн сурч байгаа нь уламжлалт мал аж ахуйн сургалт үндсэндээ хаагдаад байгаагийн нэг илрэл юм.

 

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн малчны мэдлэг, ур чадварт үндэслэн малчин мэргэжлийн зэргийг тодорхойлох, түүнд тохирсон нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай юм. Сайн, туршлагатай малчны амьдралын арга ухааныг мэргэжлийн боловсрол, сургалттай хослуулан шинэ залуу малчдаа сургаж бэлтгэх эрэлт хэрэгцээ байна. Иймд залуу малчдыг бэлтгэх мэргэжлийн сургалтын агуулга, арга хэлбэрийг тодорхойлоход та бүхний үнэтэй санал, зөвлөмжийг бодлогод тусган ажиллах болно” хэмээсэн юм.

 

 

Уулзалтад ирсэн хүмүүст зориулан ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга С.Жавхлан “Малчдын талаар төрөөс баримтлах бодлого”, Хөдөлмөрийн яамны ХЭБЗГ-ын ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого”, Төрийн банкны Зээлийн бодлого зохицуулалтын газрын захирал Ц.Ганзориг “Малчдад зориулсан зээлийн бүтээгдэхүүн” сэдвээр тодорхой мэдээлэл өгч сонирхсон асуултад нь хариуллаа. 

 

 

Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь малчдад мал маллагааны арга ажиллагааны болон аж ахуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах, хадлан тэжээл бэлтгэх, сүү цагаан идээ болон мал аж ахуйн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилготой юм. Уг хөтөлбөрт зөвхөн 2015 онд нийт 2385 малчин өрхийн 4497 иргэнийг хамруулж 6,4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнээс малжуулах арга хэмжээнд нийт 1194 өрхийн 2399 малчныг хамруулсан. Мөн мал маллах сургалтанд 252 малчныг хамруулж, малын хашаа хороо барих, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах дэмжлэг туслалцааг 269 малчинд үзүүлж, шавь сургалтыг  16 малчин өрхөд явуулан 20 дадлагажуулагч малчныг хамруулсан байна. Малчдын дунд зохион байгуулсан аж ахуй эрхлэлтийн сургалтанд 497 малчин өрхийн 547, туршлага солилцох уулзалтанд 314 иргэн оролцжээ.

Shuud.mn
Сонин хачин