Төл бойжилт 97.8 хувьтай байна
2016-04-04

Өнөөдрийн байдлаар нийт эх малын 24.3 хувь буюу 5.5 сая эх мал төллөж 5.4 сая төл хүлээн аваад байна. Үүнээс 20.2 мянган ботго, 20.3 мянган унага, 101.3 мянган тугал, 2.7 сая хурга, 2.5 сая ишиг бойжиж, төл бойжилт 97.8 хувьтай байна.


Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 см-т хүрч нийт 3 аймгийн 22 сум “Цагаан зуд”-тай, Увс аймгийн Давст, Улаангом, Сагил сум, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум цасны зузаан 10-19 см- т хүрч нийт 4 аймгийн 10 сум “Цагаанаар зудархуу” байна.


Ус, цаг уур орчны шинжилгээний газрын сэрэмжлүүлэх мэдээгээр өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурах, өнөө, маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг нийт малчил, иргэдэд анхааруулж байна.


Энэ сарын 2-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна, 3-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, 4-5-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно.


Салхи 2-нд зүүн зүгийн нутгаар, 4-5-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин