О.Дөлгөөн: Би мөрөөдлийнхөө дүрийг бүтээж байна
2016-04-06

У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээсэн Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа.

 

-Олон  жүжигчний мөрөөдлийн дүрийг бүтээлээ. Сэтгэгдлээ хуваалцах уу?

 

-Улсын драмын эрдмийн театр бол маш том тайз. Би энэ театрт ажиллахыг хүсч мөрөөдөж явсан. Одоо би мөрөөдлийнхөө театрт, мөрөөдлийнхөө дүрийг бүтээж байна. У.Шекспирийн “Ромео Жульетта” хэмээх алдарт жүжигт тоглож, энэ алтан тайзан дээр гарахад үнэхээр үгээр илэрхийлэмгүй сайхан мэдрэмж төрсөн. Энэ тайзнаа Монголын үе үеийн мундаг жүжигчид ажиллаж байсан. Би тэдний үргэлжлэл болох учраас хариуцлагатай сайн ажиллаж, цаашид улам хичээх ёстой гэж бодож байна.

 

-Мөрөөдлийн дүрээ бүтээчихлээ. Харин одоо?

 

-Манай театрынхан энэ сард Дархан, Эрдэнэт хотод тоглоно. Мөн “Ромео Жульетта”, “Гамлет” жүжгийг тоглохоор бэлтгэж байгаа. Би “Гамлет” жүжгийн Офелияд тоглож байна. Театрт орсноос хойш бүтээж буй гурав дахь дүр минь энэ. Цаашдаа олон сайхан уран бүтээлд оролцох боломж олдоно байх. Тэгвэл хамаг чадлаараа хичээж ажиллана.

 

 

-Шинэ цагийн Ромео хамтран тоглогчдоо өөрийн эрхгүй татагдсан гэж хэлсэн. Харин та Шинэбаярын тухайд?

 

-Хамтран тоглож байгаа хүнээ ямар сайхан залуу вэ, энэ хүн миний чин сэтгэлийн хайр гэдэгт бат итгэх учиртай. Харин ажил дуусахад би жирийн амьдрал дээрх Дөлгөөн хэвээрээ л үлдэнэ. Жүжгийн тайз, кино зураг авалтын талбайд би тухайн дүрдээ бүрэн орохыг хичээдэг. Тэгж өөртөө үзэгдэл бий болгож байж, үнэн жүжиглэлт гарна.

 

-Анхны бүтээсэн дүр “Хайрын эрэлд” киноны нэг их эрх охины дүр байсан байх аа?

 

-Би долдугаар ангид байхдаа Монголын хамгийн анхны аймшгийн кинонд тоглож байсан. Түүний дараа “Хайрын эрэлд” кинонд Ц.Төмөрбаатар гуайн бага охины дүрд тоглосон. Болохгүй зам руу орчих гээд байдаг охины дүр л дээ.

 

-Жульетта ч эрх танхил охин. Ер нь Дөлгөөн эрх болохоор найруулагчид ийм дүр оноогоод байна уу?

 

-Мэдэхгүй юм/инээв.сур/. Би тийм ч эрх байгаагүй, маш даруухан охин байсан. Харин ахлах ангид ороод нээлттэй болж эхэлсэн. Хөвгүүдтэйгээ юм ярьж, шоолж тоглодог боллоо. Тэгсэн чинь нөгөө ангийн хөвгүүд гайхаад “Дөлгөөнөө, чи ийм хүүхэд байсан юм уу. Чи ийм байвал гоё байна. Энэ хэвээрээ байгаарай” гэж захидаг байсан. СУИС-д ороод бүр нээлттэй болсон гэж боддог. Элсэлтийн ерөнхий шалгалтынхаа оноог авчихаад ганцхан СУИС-д бүртгүүлээд орчихсон. Энэ нь ч маш зөв сонголт болсон шүү.

 

-Хэрэв СУИС-т орж чадаагүй бол ямар мэргэжил сонгох байсан бол?

 

-Хэрвээ би жүжигчин болоогүй бол инженер болох байсан. Гэхдээ нэлээд сайн инженер.

 

-Инженер үү?

 

-Ер нь жүжигчин болно гээд шийдчихсэн байсан болохоор өөр мэргэжлийг нэг их сайн судлаагүй байсан. Гэхдээ хэрэв СУИС-т боломжгүй бол дараагийн хичээлүүдийн оноогоо хараад  ШУТИС-ийн инженерийн ангид орж болохоор юм байна гэж бодож байсан юм.

 

-“Амьдралд тавтай морил” киноны Золоо амьдрал дээрх Дөлгөөн хоёр төстэй болов уу гэж  би боддог.

 

-“Хайрын эрэлд” кино дөнгөж дууссаны дараа “Амьдралд тавтай морил” киноны Золоогийн дүрийг авсан. Золоогийн дүрдээ маш их хайртай. Бүтэн долоон сарын турш кино багтайгаа хамт амьдарсан. Зураг авалт дууссаны дараа гэнэт тарахаар чинь эвгүй юм байна лээ. Ер нь Золоо бид хоёр их төстэй/инээв.сур/. Гэхдээ Золоо надаас илүү зоригтой.

 

-Жаахан аймхай байх нь.

 

-Магадгүй юм. Ихэнх хүмүүс намайг шооч, сахилгагүй гэдэг юм. Би бол өөрийгөө их зөөлөн хүн гэж боддог. Бүгдэд таалагдах албагүй ч бүх хүнтэй сайхан харьцахыг хичээдэг. Хүнийг байгаагаар нь хүлээж авдаг. Хүн бүртэй эелдэг сайхан харьцаж, таатай сэтгэгдэл үлдээхийг хүсдэг. Бас их яриа. Нэг яриад суучихвал зогсохгүй шүү дээ/инээв.сур/.

 

-Найзуудтайгаа ярьж сууна биз?

 

-Ойрд их муу найз болоод байгаа. Маш их завгүй байдаг болохоор тэр бүр найзуудтайгаа уулзаад байж чаддаггүй. Төрсөн өдрүүдээр нь ч байж чадахгүй ч тохиолдол байна. Гэхдээ найзууд маань миний ажлыг ойлгодог учраас тэр бүр гомдоод байдаггүй. Сайхан нөхөрлөж чаддаг бүсгүйчүүд зөндөө бий. Надад багаасаа найзалсан хоёр сайн найз минь байдаг. Тэр хоёроосоо юугаа ч нуудаггүй, яг нэг хүн шиг болчихсон.

 

-Би дэлхийд данстай жүжигчин эхнэртэй хүн гэж нөхөр тань өөрөөрөө бахархсан байна лээ. 

 

-Урлагийн хүмүүс цаг наргүй ажилладаг. Тиймээс хүүдээ цаг гаргах боломж жаахан дутагдалтай. Азаар би сайхан ханьтай. Манай нөхөр хувиараа ажил хийдэг учраас цагийн тал дээр уян хатан. Нөхөр маань ар гэрийн ажлаа хэнээс ч илүү зохицуулчихдаг. Намайг маш сайн ойлгож, хүндэлдэг учраас ханьдаа их баярладаг. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг. Тэр үнэн юм шиг санагддаг. Миний хүү гарснаас хойш надад маш их боломж нээгдсэн. Ер нь бүх зүйл жигдрээд сайхан болсон.

 

 

Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
ДӨЛГӨӨН Одоо Оюулзганы хүүхэн болсон! Завхай юм даа! Үр хүүхдээ хаяал
2022-07-24