Ой хээрийн 11 түймэр гарчээ
2016-04-06

Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамнаас ой хээрийн түймэр, ан агнуурын асуудлаар мэдээлэл хийлээ. Он гарсаар улсын хэмжээнд нийт 11 удаагийн түймэр гарчээ. Түймрийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 4.4 дахин бага байгаа аж.

 

Он гарсаар 4 аймгийн 9 суманд 11 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Булган аймгийн Бугат, Дорнот аймгийн Баянтүмэн, Баян-уул, Матад, Сүхбаатар аймгийн Наран, Дарьганга, Хэнтий аймгийн Биндэр суманд гарсан байна. Түүнчлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Богины ам зэрэг газарт гал түймэр гарч 2 га ой, 39350 га хээр, нийт 39,352 га талбай түймэрт өртжээ. Улмаар 2 айлын өвөлжөө шатаж, 40 тооны бог мал түймэрт автсан байна. Цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар БОНХАЖ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Чулуунбаатар “ Улсын хэмжээнд цаг агаар дулаарч зүүн болон төвийн аймгуудад цас хайлж, хуурайшилт нэмэгдэж байгаа нь ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцлийг бүрдүүлж байна. Энэ сарын 5-ны өдрийн 16.00 цагийн байдлаар Архангай аймгийн Эрдэнэмандал, Хөвсгөл аймгийн Мөрөн, Сэлэнгэ аймгийн бүх сум, Хэнтий аймгийн Биндэр, Дархан, Дорнод аймгийн Дашбалбар зэрэг газарт түймрийн аюулын III зэрэг буюу аюултай зэрэглэлд ороод байна. Иймд түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай сайдын албан даалгаварын дагуу байнгын жижүүр гарган ажиллаж байна. Мөн цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор 21 аймгийн 35 экспедиц,  38 газрын генераторыг байнгын бэлэн байдалд байлгаж, шаардлагатай тохиолдолд ажиллуулахад бэлдэж байна” хэмээв. Мөн БОНХАЖЯ-ны Ан амьтан хариуцсан мэргэжилтэн А.Баясгалан “Бугын эвэр, сүүл авна гэсэн зар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр их гарч байна. Үүний улмаас иргэд байгалийн жамаар унасан бугын эвэр түүх гэж ой руу яваад санамсаргүй байдлаар гал алдаж буй нь түймрийн аюул нэмэгдэх шалтгаан болж байна” хэмээлээ. Жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 15-ныг хүртэл бугын эвэр түүж бэлтгэхийг хуулиар хориглосон байдаг. Энэ хугацаанд ан агнуур хийж, нэн ховор амьтныг агнавал эрүүгийн хариуцлага хүлээлгэж 3-5 жилийн ял онооодог байна.

 

Өнгөрсөн онд 350 удаагийн гал түймэр гарчээ. Учирсан хохирлыг тогтоох журмын дагуу ой хээрийн түймрийн 80 хувийн эзэн холбогдогчыг олж тогтоосон байна. Үлдсэн 20 хувь нь тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн дагуу хохирлыг барагдуулсан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин