Сонгуулийг товлон зарлах тогтоолыг батлав
2016-04-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд  УИХ-ын  болон аймаг, нийслэлийн ИТХ-ын  2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Сонгуулийн товыг зарлаад дараагаар нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болдоггүй. Үүнийг СЕХ юу гэж үздэг вэ?” гэсэн асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Хууль батлах нь УИХ-д хадгалагддаг. Тиймээс УИХ-ын өмнөөс СЕХ хариулах боломж байхгүй” хэмээн хариулсан юм.  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Ээлжит УИХ-ын болоод аймаг нийслэлийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-ний өдөр гэж тогтоосон. Мөн албан ёсоор товлон зарлах нь санал авах өдрөөс 65 хоногийн өмнө гэсэн тогтоосон. Тиймээс бид 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс УИХ-ын болоод аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн товыг зарлахаар тогтоосон” гэлээ.

 

Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын  болон аймаг, нийслэлийн ИТХ-ын  2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин