Чихрийн шижинээр өвчлөгсөд 4 дахин нэмэгджээ
2016-04-07

Өнөөдөр Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр тохиож байна. Эл өдрийг “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй талаар Эрүүл Мэнд Спортын Яамнаас мэдээлэл хийлээ. Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат нар оролцов.

 

Дэлхий дээр чихрийн шижин өвчнөөр 422 сая хүн өвчилж, жилд 7 сая хүн нас барж өвчний дархалт нэмэгдэж байгаа талаар ЭМС-ын яамнаас мэдээллээ. 2014 оны байдлаар дэлхийн 422 сая хүн өвчилсөн нь насанд хүрсэн хүн амын 8.5 хувийг эзэлж байгаа аж.

 

 Манай Улсын хүн амын  өвчлөлийг судалгаагаар авч үзвэл, сүүлийн арван жилд чихрийн шижин өвчнөөр өвчлөгчид 6 дахин өсчээ.  Тодруулбал, 2013 оны халдварт бус өвчний шаталсан судалгаанаас харахад нийт насанд хүрсэн хүн амын 6.9 хувь буюу 15 хүний нэг нь чихрийн шижин өвчтэй, 8.3 хувь буюу 12 хүн тутмын нэг нь далд хэлбэрийн чихрийн шижин өвчтэй байна. Энэ өвчний шалтгаанаар нас барагчдын тоо 2014 оны байдлаар 157 хүн болж, 2005 онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ.

 

Өвчлөл нэмэгдэж буй шалтгааныг ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Чихрийн шижин өвчний эрсдэл хүчин зүйлс манай иргэдийн дунд өндөр байна. Тухайлбал, 3 хүний 1 нь илүүдэл жинтэй, 5 хүний 1 нь таргалалттай, хүн амын тал орчим хувь нь дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэггүй. Мөн жимс, ногооны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин бага хэрэглэж, хүнсэндээ давс, амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэж байгаа нь голлон нөлөөлж байна” хэмээн тайлбарлав.

 

Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн, айл өрх бүр идэвхитэй хөдөлгөөн хийх, өөх тос, чихрийн хэрэглээг бууруулах, хийжүүлсэн ундаа,  найруулдаг жимсний болон бусад төрлийн шүүсээс татгалзах хэрэгтэйг санууллаа. Мөн архи тамхины хэрэглээг хязгаарлан амьдралын зөв хэв маягийг хэвлүүлэх хэрэгтэйг ЭМС-ын яамнаас анхааруулж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
СУРГУУЛИУДЫН БИЕИЙН ТАМИРЫН ТАЛБАЙНУУДЫГ ЗАРЖ ИДЭЭД ,ЗАЙ ЗАВСАРГҮЙ БАРИЛГА БАРЬЧААД СПОРТООР ХИЧЭЭЛЛЭ,ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙ ГЭЖ БҮҮ ТАВЛА .
2016-04-07