Ш.Энхбат: Дүүргийн эмнэлэгт гемодиализийн аппарат суурилуулна
2016-04-07

Манай Улсад чихрийн шижин өвчний тархалт сүүлийн 10 жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгджээ. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатаас тодрууллаа.

 

-Чихрийн шижин өвчин 4 дахин нэмэгдсэн гэлээ. Шалтгаан нь юу бол?

 

-Энэ өвчнийг чимээгүй үхэл гэж нэрлэж болно. Монголчууд эрт дээр үед бол нүүдлийн соёл иргэншилтэй байсан. Тэр утгаараа малаа дагаад хөдөлгөөн ихтэй байсан учраас тодорхой хэмжээгээр энэ өвчнөөр өвдөх нь бага байжээ. Гэтэл сүүлийн 10 жилийн дотор өвдсөн хүний тоо 4 дахин нэмэгдээд байна. Энэ бол өдөр тутмын амьдралын хэв маягтай шууд холбоотой. Спортгүй, хөдөлгөөнгүй, зөв хооллолтгүй хэр нь дээр нь нэмээд архи тамхи хэрэглэж байна гэдэг бол өвчлөх нөхцлийг бүрэн бүрдүүлж буйн нэг илрэл.

 

-Хичнээн хүн энэ өвчнөөр өвчлөөд байна  вэ?

-Дэлхийн хэмжээнд насанд хүрсэн хүний 10 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчтэй байна. Энэ асар их тоо. Гэтэл дээр нь жилд 7 сая хүн шинээр нэмэгдэж байна шүү дээ. Энэ өвчний нэг эрсдэл нь хувь хүндээ эхэн үедээ мэдэгддэггүй, шинж тэмдэг илэрдэггүй учраас хүмүүс тэр бүр эмнэлгийн байгууллагад ирж шинжилгээ өгдөггүй. Тийм учраас Монгол Улсын хэмжээнд хэд байгааг хэлж мэдэхгүй байна.

 

-Гемодиализийн аппаратын үнэ өртөг өндөр гэдэг. Нэг удаагийн хэрэглээ нь хичнээн төгрөгөөр хэмжигдэх вэ?

-Хүний биед хуримтлагдсан хордлоготой цусыг диализийн аппаратаар цэвэршүүлдэг. Тэр утгаараа энэ аппарат үнэ өртөг өндөртэй. Манайд хүн  аппаратыг нэг удаа хэрэглэхэд 120-130 зарцуулж байна. Долоо хоногт нэг хүн гурван удаа орох ёстой. Тэгэхээр өндөр өртөг гарах нь мэдээж. Энэ бүх хөрөнгийг 100 хувь төр дааж байгаа. Нэг хүнд 120 мянган төгрөг гэхээр эмнэлгийн ихэнхи төсөв үүнд явж байна гэсэн үг. Гэтэл хувь хүний өөрийн оролцоо үүнд байх ёстой юм. Өөрийнхөө эрүүл мэндийг бодож зөв хооллох, биеийн тамир спортоор хичээллэх хэрэгтэй. Бид өнөөдөр энэ өвчнийг зөвхөн эрүүл мэнд, эмнэлгийн талаас нь яриад байна. Ерөнхийдөө Төр, хувь хүн, эрүүл мэндийн байгууллага гэсэн гурван талын оролцоо байх ёстой. Тэгэхээр өвчний тархалтыг бууруулахын тулд хувь хүний оролцоо хэрэгтэй байна.  Бидний хувьд зөвхөн төр дааж, төсвөөс санхүүждэг биш аппаратны хэрэглээний тодорхой хувийг иргэний эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хөнгөлөлтөд  хамруулах санал байна.

 

-Аппаратны хүртээмж муу байна гэх юм. Нэмэгдүүлэх боломжтой юу?

-Одоогоор 90 орчим хүн дугаар аван хүлээж байна. Хорин жилийн өмнө Монгол Улсад 10 гаруй диализийн аппарат байсан. Одоо 123  болон нэмэгдсэн. Гэвч хүрэлцэхгүй л байна. Хүрэлцэхгүй учраас Нийслэлийн бүх дүүрэгт 2-4 диализийн аппарат байршуулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа. Мөн Монгол Улс чихийн шижин өвчинд шаардлагатай эмийн дөнгөж 40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Үлдсэн 60 хувийг нь гадаадаас авч байгаа учраас үнэ өртөг өндөр байна.

 

-Хэзээнээс дүүргийн эмнэлэгт суурилуулах вэ?

-Энэ жилийн долдугаар сарын 1-нээс бүх дүүрэгт 2-4 гемодиализийн аппарат суурилуулна. Ингэснээр өрхийнхөө эмнэлгийн хяналтад яваад хоёр дахь шатнаас диализийн аппаратыг хэрэглэх боломжийг нь бид нээж өгч байна.

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин