Жагсаалын шинэ урсгал буюу буйданист
2016-04-14

Хэдэн жилийн өмнө дөө АН-ынхан болон элдэв хөдөлгөөнийнхөн жинхэнэ утгаар нь жагсдаг байж билээ. Өвлийн хүйтэнд ч, зуны халуунд ч төв талбай дээр гарч жагсч, зарим тохиолдолд ганц нэг гэр барьдаг байсан юм даг. Ядаж байхад өнөөх гэрийг нь цагдаа нар хүчээр буулгаад, портер ачаад л, үгүй ээ мөн сүртэй юм болдогсон. За тэгээд, ордон тойруулаад баахан цагдаа нар хамгаалалтад гарна. Сүүлдээ ордны гадуур төмөр хашаа барьж, санаа амарсан.

Өнөөх хятадууд тал нутгийн монголчуудын довтолгооноос айж, цагаан хэрэм барьсан гэдэг шиг тухайн үед эрх барьж байсан МАН-ынхан АН-ын болон бусад жагсагчдаас эмээж, хашаа барьж байлаа. Нэгэн үе иймэрхүү л сүртэй жагсдаг байж. Яг утгаар нь, хөл дээрээ зогсоод, явган алхаж Төрийн ордонг тойроод, цагаан хоолойгоор шаардлага тавиад л жагсч байсан. Харин эрх баригчид тэднийг цонхоор хараад, сэтгэлийн цэнгэл эдэлдэг байсан биз. Харин сүүлийн үед жагсах шинэ шинэ төрөл, урсгал гарч ирээд байна.

Манай яруу найрагчид реалист, модернист гээд л хэд хэд хуваагаад байдаг даа, шүлгийнхээ хэлбэрдэлтийг. Түүн шиг жагсаалын янз бүрийн хэлбэр гарч ирэх боллоо.  Үндсэндээ төв талбай дээр зогсч, ордон тойрч гороолж, дотогш орох гэж дайрдаг реалист маягийн жагсаалыг халахаар зүтгэж байж ч болох. МАН-ынхан 2012 оны сонгуулийн дараа Төрийн ордонд буйдантай жагсаал хийж байлаа. Буйданист жагсаал гэж тодотгож болохоор байгаа юм. Монголд болж байсан хамгийн тухтай жагсаал ч гэж түүхэнд толгой үсгээр бичиж үлдээж болох байх шүү. Гадаа зогсч хөлөө өвтгөхгүй, салхинд борлохгүй. Зөөлөн буйданд тухтай гэгч нь суугаад, хэдэн бичиг бариад л гүйцээ. Цагаан хоолойгоор хашгирч, хоолойгоо ч өвтгөх хэрэг байхгүй. Ордон тойрч гороолж, алхах ч шаардлагагүй. Ер нь л дахин давтагдашгүй хэв маягтай жагсаал болж билээ. МАН-ынхнаас өөр хэн ч ингэж өвөрмөцөөр жагсангаа амарч чадахгүй болов уу. Мөн саяхан МАН-ын захиалгаар “Монголоо аваръя” хөдөлгөөнийнхөн майхантай жагсаал гээчийг хийлээ.

Хэлмэгсдийн хөшөөний ойролцоо 100 хол давсан майхан барьж, улаан хувцсаар жигдэрсэн нөхдүүд суулт маягийн юм хийсэн. Мөн тэр хавьдаа индэр засч, хамгийн чанартай гэсэн хөгжим, дуу чангаруулагч зэргийг авчирч, хөрөнгө мөнгөний хүчийг харуулсан майханист жагсаалыг хийж үзүүлэв. Зарим нэг саваагүй нөхдүүд майхан худалдаж авсан үнэ, хувцас хунар, техникийн зардал, жагсагчдын хөлстэйгээ нийлээд 300 саяыг үрж, жагсч байна гэсэн тооцоо гаргажээ. Уг нь тэд эдийн засаг хүндэрч, иргэд ажилгүй болж байгааг эсэргүүцэж тийн жагссан юм билээ. Даанч улаан майхан, хувцсаар жигдэрч, дэндүү мөнгөлөг жагсахаар яаж байгаа онох билээ дээ. Гэхдээ л майхан дотор сууж жагсана гэдэг бас л өвөрмөц санаа шүү.

Бас л жагсч байгаа нэртэй майхан дотор хэвтээд, амрангаа цалин авчихна. Юун Төрийн ордон тойрч гороолж, хөлөө өвтгөх, хол цаашаа. Гэхдээ бас үүнээс ч өвөрмөц санааг Залуучуудын холбооныхон   гаргасан гэж байгаа. Өөрсдөө гараад жагсч, үгээ хэлэх гэхээр хэл нь цуцсан нь уу, хөл нь өвдсөн үү, бүү мэд. Хэдэн гутландаа үг зааж өгөөд, талбай руу явуулчихсан. Төрийн ордон руу явуулаагүй нь их юм. Тэгсэн бол баахан гутал ордон руу орох гэж дайраад, бөөн юм болохгүй юу. Өнөөх гуталнууд ч бас хэлэх үгтэйгээ. Зарим эмсийн хүрээлэн нэхэж байхад, нөгөө хэсэг 400 мянган төгрөгийн цалингаа голсон байсан. Ардчилсан оронд хүн битгий хэл гутал ч үгээ хэлэх эрхтэй байдаг гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүллээ. Монголын ардчилал дэлхийд гайхагдаж байгаа байх, одоо. Ийм агуу жагсаалыг Залуучуудын холбоо хийж чадлаа.

Жинхэнэ гуталнист жагсаал, дэлхийн өөр хаана ч гарч ирээгүй урсгал шүү. Хамгийн сүүлд МАХН-ынхан хар нөмрөгтэй суулт хийлээ. Яг ч жагсаал биш л дээ. Гэхдээ жагсаалын нэг төрөл зүйлд хамааруулж, хар нөмрөгтист гэж тодорхойлж болох юм. Ер нь бол шинэлэг санаа яг ч биш. Лалын орнууд энэ хар нөмрөгийг аль хэдийнэ ашиглаад, янз бүрийн юм хийчихсэн. Гэхдээ яахав, Монголд харагдаж байгаагүй л урсгал. Энэ мэтээр манайхан  цоо шинэ урсгал, чиглэлийг Монголын жагсаалын салбарт гаргаж ирсээр байна. Цаашид улам илүү хөгжиж, цэцэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Сонгууль ч дөхлөө. Энэ байдлаас ажихад тун удахгүй нүцгэнист жагсаал үзэх байх шүү.
 
Эх сурвалж: www.mminfo.mn
Н.Пунцагболд
Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-14