Стратегийн түншлэлийг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2016-04-14

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхлээд байна.

 

Айлчлал хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээгээр эхлэв. Албан ёсны хэлэлцээ нөхөрсөг уур амьсгалд болж талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, өндөр дээд түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглээд Монгол-Оросын худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

 

Түүнчлэн, энэхүү айлчлалыг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэх хүрээнд болж байгааг онцлоод Монголын тал ОХУ-ын өмнө хүлээсэн Монгол Улсын санхүүгийн үүрэг бүрэн шийдэгдсэнд оросын талд талархал илэрхийлж, хоёр орны хоорондын зээл-санхүүгийн хамтын ажиллагааны боломжууд шинээр нээгдэж байгааг тэмдэглэв.

 

Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээний дараа Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурав.

 

Оросын тал “Хоёр улсын хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг эцэслэн тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, энэхүү хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө оросын тал хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, хамтын ажиллагааны тодорхой  боломжууд нээгдэнэ гэв. Түүнчлэн, Оросын тал энэ жилийн долдугаар сард Улаанбаатар хотноо болох “Ази-Европ”-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй үүрэг Монгол Улсад ногдоод байгааг онцлоод, энэхүү уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

 

Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэ онд болох Гурван талт дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг байгуулахаар ажиллаж байгаагаа сайд хар харилцан нотлов.

 

Айлчлал үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин