“Бүү март”-ыг нээнэ
2016-04-15

БНМАУ-ын Ерөнхий сайд болон МАХН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Батмөнхийн амьдрал үйлсийн тухай өгүүлэх “Бүү март” баримтат уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ.

 

Тус түүхэн уран бүтээлийг “Хүмүүн фильм” студийн уран бүтээлчид гүйцэтгэжээ. Түүнчлэн АНУ, ОХУ, БНХАУ-ын кино бүтээлчид нэгдэн ажилласан байна. Киноны найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй” түүхэн киног найруулсан А.Мөнхсүх ажилласан бол ерөнхий зураглаачаар АНУ-ын уран бүтээлч Крис Мартин ажиллажээ. А.Мөнхсүх “Бид энэ киног хийхийг зорьсон шалтгаан нь монгол хүний саруул ухаан, хүнд нөхцөлд асуудалд уужуу тайвнаар ханддаг чанарыг дүрээр илэрхийлэхийг чухалчилсан. Энэ зан чанар жирийн нөхцөлд илэрдэггүй, хүнд цаг үед гардаг юм байна. Үүнийг харуулсан үйл явдал бол 1990 оны ардчилсан хувьсгал байсан. Харин тэр хүн нь Ж.Батмөнх агсан байлаа. Одоогийн залуус үүнийг мэдрээсэй гэж хүссэн учраас энэхүү түүхийг өргөн дэлгэцийн бүтээл болгосон” хэмээн ярьсан.

 

 Ж.Батмөнх агсны дүрийг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын жүжигчин Н.Төмөрбат бүтээсэн боловч зураг авалтын 80 хувьд өвчний улмаас нас барсан аж. Улмаар киноны зохиолоо өөрчилж, Ж.Батмөнх агсны зээ Д.Энхбаатар гэдэг залууг тоглуулжээ.

 

Тус түүхэн уран сайхны киноны нээлт энэ өдрийн 18.00 цагт “Хүннү Молл” цогцолборт болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин