Намаар баян миний Монгол
2016-04-19

Намуудын их бага хурлын зар өнгөлсөн нэгэн өдрөөр шинэ долоо хоног эхэллээ. Цаг хугацааны хувьд сонгууль үндсэндээ тулсан гэж болно. Хэнийг нь түшдэг нь тодорхой сайтууд МАНАН-гийн хоёр хурлын явцыг шуурхай мэдээлсээр. Тусгай сурвалжлагч, нууц мэдээлэгч гээд бүх хүчээ хаясан нь илт. “...Эвсэх тухай хэлэлцэж байна. Дөнгөж сая эвсэхээр боллоо. Ингэж тохирлоо... Тэгж гэрээллээ гээд л...” Сонгуулийн орой болчихсон ч юм шиг.

 

Г.Уянга гишүүнээр овоглоод байгаа намын ээлжит бус их хурлын тойм мэдээ салхийг хагалж үдээс өмнө өнгөлж яваад оройхон хоёр намын зэрэг явагдсан хурлын чимээ давамгайлж ирэв. Сонгуулийн дайтай өрнөсөн шуугианы гадна даргаа сонгож чадаагүй шүүмжлэлтэй үлдсэн ХҮН–ынхан толгойгоо маажаад зогссонгүй С.Боргил даргыгаа хүрээлээд сонгуульд орохоор шийдсэн хурлынхаа талаар амжиж зарлалаа.  

 

Үүгээр өвөл хавраа даасан олон үзэгдэлт улс төрийн жүжиг тавилтын цаад санаа бүр ил болж гол баатруудыг тайзнаа гарч ирэхийг харлаа. Алга ташилт бол байхгүй. Сунжирсан үзэгдлүүдээс нь залхсан ард түмэн л цөхрөөд сууж байна. 

 

МАН бүх боломжоор эвсэхээр шийдэж хүчээ зузаалж авчээ. Өнгө гарал нэгт МАХН-тай эвсэхээр болж хоёр бие даагчийг бөөрөндөө наасан бололтой. Үүгээр харахул улаан талд бас ч чамлахгүй хүч бөөгнөрчээ.

 

МАНАН-гийн нөгөө тал болчихдог цэнхэр буланд АН мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ гэсэн даруухан зар дор ҮЗХ-гоо хуралдууллаа. Халуухан юм болсон нь мэдээж. Алтангадас нь байрандаа гэрэлтэж байгаагаа харуулж Шонхорыг ирцний давуугаар айлгах нигууртай ч даргаа сольж дайнаа хурцатгахгүй байх тохироогоо хийсэн.

 

“Бүү март. Мартвал ялагдана”гэсэн уриан дор фракцууд амбицаа дарж сонгуулиа бодоод сайндах уур амьсгал давамгайлна гэсэн хүлээлт ажиглагч нарт байна. Яаж ийгээд ойролцоо суудал авч дахин засаглах уу, лааз өшиглөх үү гэдгээ 2 сарын дотор шийдэх тул АН-ын фракцууд зангидсан гараа тэнийлгэж алгандах хөлсөө сэврээсэн байж таарна.

 

Одоо нэгтгээд харья.

 

МАН ба МАХН-ын хоршил бол 2012 оны алдаагаа засч байгаа хэтдээ хэврэг байж болох нэгдэл. Гэхдээ энэ нь өчигдрийн бага хурал байснаа баярын хурал болох шахсан яаруу шийдвэр шигээ амархан бүтчихсэн хэрэг биш. АН-ын хэт гэмээр “пээдгэр” улс төрийн сайн муу үр дагавраас нөхцөлдөн гарч буй улс төрийн шийдвэр. Энд АН-ын талаас тавих хэрвээ гэсэн нөхцөлүүд цөөнгүй үлдсэн.

 

Хэрвээ АН, МАН-тай хамтран байгуулсан засгаа онцгой мэрийлтээр аваад ирсэн бол. Хэрвээ МАХН-ын даргыг шадар сайд болгосон бол. Хэрвээ ЭМС-ын сайдыг МАХН-аас булаах гэж оролдоогүй бол. Хэрвээ АТГ-аар айлгах төлөвлөгөөгөө хэтрүүлээгүй бол... Бүр цааш нь хөөвөл хэрвээ Тавантолгой хөдөлсөн бол... гээд олон хэрвээ үргэлжлэх юм. Энэ бүхний ард Н.Энхбаяр гэж хүний эцсээ хүртэл МАН-тай нийлэхгүйг хичээсэн улс төрийн нүүдлийн шалаа бас мухардлууд харагдана. 

 

Хуучин намын хэдтэйгээ хийх тооцоо Н.Энхбаярт байгааг үгүйсгэх нь утгагүй. Гэвч эхлээд хүзүүнд нь чулуу зүүх гээд байгаа АН-тайгаа эргээд үзэлцэх боллоо. Урьдын явдлыг нэхэн санавал АН-тай гэрээ байгуулаад ч явсангүй. Хамтарч засаглаад ч санасандаа хүрсэнгүй. Ингээд сүүлийн хувилбартаа орж МАН-тайгаа түр эвсэх замаар сонгуулийн ялалтад хүрч эрх чөлөөгөө төгс олж авахаар шийдсэн байх.

 

“...хоёр нам ирэх сонгуулиас өмнө нэр дэвшигчидтэй нь холбоотой хуулийн байгууллагаас ямарваа нэгэн хууль бус хяналт шалгалт явуулбал үүнтэй хамтдаа тэмцэнэ...” гэдгээ мэдэгдсэн байна. Үүгээр дахин оймс гозолзвол тэр нэг хаврын Ц.Нямдорж гишүүний мэдэгдэл шиг “...би мэдээгүй. Зурагтаа үзэж амжаагүй” гээд зогсож байхгүй гэдгээ МАН-ыхан гэрээгээр баталгаажуулж буй бололтой. 

 

АН-ын хувьд дотроо л эвээ сахих. Үүнийгээ ҮЗХ-ны хурлынхаа өмнө хайрцаглаж авсан байх. Одоо бол сонгууль ярина. Хажууд нь тулгаж газар авахаар шон босгоод байгаа шинэ эвслийн эсрэг юу хийх. Хууль батлахад олонх байгаа давуу талаа ашиглаад ч болсон ямар хариу барихаа яаралтай тогтож авах. Эс бол дэндүү оройтохоор болсон тул нэмж нуршилтгүй. Ардчилсан Ерөнхийлөгчтэйгээ таарахаа больсон АН-ын нэр бүхий лидерүүдийн байр суурь ҮЗХ-ны хурлын шийдвэрт захирагдах эсэх нь харин асуулт хэвээр үлдлээ.

 

Эдгээрт онцлоход Г.Уянга гишүүний уянгалуулсан улс төр харьцангуй ганцаарчилсан харагдаж байсан ч уялдаа хөврөө сайтай байсан юм байна. Уяаныхаа үзүүрээ хаана очиж бөхлөхөө сайн мэдэж байсан нь одоо харагдаж байна. Гарын үсэг бөөгнүүлж засгийг түгшээж байхдаа унагааж чадахгүйгээ сайн мэдэж байсан. Засгийг огцруулж дийлэхгүй ч энэхүү алхмаа арга ядсан тэмцэл болгож ард түмэнд харуулаад эвслээ орхихоо ч тооцоолсон байж таарна. Эвсэл ч үгүй, нам ч үгүй болж салж сарниснаа баталгаажуулж аваад аргагүйн эрхэнд гээд доголон нулимстай гарангуутаа будаг шунх хийдэг жижиг түрийвчнээсээ “шинэ нам” гэсэн уруулын будаг гаргаж ирж байгаатай адилтгаж болохоор. Ер нь бол манайд ийм төрлийн улс төр хийхэд зориулсан улс төрийн нам гэсэн 24 будаг шунх байгаа юм байна.   

 

“...Сонгуулийн хуульд өөрчлөлт орж заавал сонгуулийн санал хураалт болохоос 180 хоногийн өмнө бүртгүүлсэн нам сонгуульд оролцох хатуу хуультай болсон. Тэгээд бид байгуулагдсан намуудаас сонголт хийхээс өөр аргагүй болсон. Монголд 24 нам байна. Энэ дундаас Тусгаар тогтнол эв нэгдлийг намыг сонгосон.  Бид улс төрийн шинэ хүчний зохион байгуулалтын цоо шинээр хийх ёстой гэдэг улс төрийн шийдэлд хүрсэн...” гэж тэрбээр мэдэгдлээ. Үүгээр Г.Уянга гишүүний 4 жилийн улс төр тайллаа харуулж бид шинэ нам энэ сонгуульд хэр амжилт гаргахыг харах үлдлээ.

 

Түүний өөдөөс наанаа халз өрсөлдөх ч ямарч үед гуравдагчийн эсрэг  амь нэг болж чадах МАНАН зогсож байгаа. Одоо бусад буюу жижиг намууд бие даагчдыг МАН тэр чигт нь хамах уу. ХҮН болоод Тусгаар тогтнол эв нэгдлийн нам эвсч үүн дээр бусад хүчнүүд, бие даах бодол тээгчид МАНАН-г сарниулна гэж нэгдэх үү гэсэн дараагийн дагавар асуудал үлдсэн. МҮАН-ын хөдөлгөөн тодорхойгүй хэвээр боловч М.Энхсайхан даргын хувьд нэгэнт жигдэрсэн хүчнүүдийн аль нэг талд эвсэх сонголт л үлдлээ.

 

Энэ нь аль ч талдаа гарсан одоогийн улаан цэнхэр ба саарал талуудын хүчний харьцааг төдийлөн өөрчлөхгүй буюу хүчтэй гуравдагч хүчний хүлээлт талаар болж магадгүй боллоо. Энэхүү эвсч нэгдэх ба задрах улс төрийн шийдлүүд нь хувь хүн улстөрчийн шийвэр гэхээсээ илүүтэй сонгуулийн хуулийн эцсийн найруулгын шахаан дор аргагүй байдалд хийж буй алхмууд гэж болно. МАН+МАХН гэсэн эвслийн гэрээгээр тойрог суудал хуваасан тохироог харахад ҮХЦ дээр ирчихээд байгаа жагсаалтыг хэвээр хадгалахын төлөө зогсох нь тодорхой байна. 

 

Энд нэг зүйлийг огт дурдахгүй өнгөрч болохгүй. Намуудын сонгуулийн жилд сурталчлан таниулж итгэл төртөл амалдаг хөгжлийн бодлого хөтөлбөрүүд нь юу болсон бэ. Малаар баян байгаад Намаар баян болсон миний Монгол гундуу байна. Яагаад вэ...

 

Энэ бол өнгөө хувиргасан, хүчээ зузаалсан улс төрийн аль ч хүчин, нам эвсэлээс энэ сонгуулиар нэхэх асуулт.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ХҮН-ийн Ганбаа чи Уянгын намтай нийлээд АН МАН МАХН-ыг төрөөс арчих хэрэгтэй байна аа. Ингэж шинэ 3дагч хүчин гаргаж дорвитой үзэхгүй бол дангаараа хоорондоо хэрэлдсээр байвал аль аль нь сульдаад наад том 3 намд арчуулна шүү. Уянгын намд Хурц гуай гэх мэт монголын төлөө гэсэн тэмцэгч нар байна лээ. ИЗНН гэх мэт нам намтай эвсэнэ гэсэн ямар ч нэр хүндгүй намтай нэвсч байхаар ХҮН болон Уянгын нам 2 эвсвэл монголчууд та нарт санал өгнө шүү.
2016-04-20
НАМ-ИЗМ МОНГОЛД ХОГ:
ЭНЭ ОЛОН НАМ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ БИД ЧИНЬ АРД ТҮИНИЙ ОЛОНХ НЬ БУЮУ 80-90 НЬ НАМ БУСЧУУД ТУЛ НАМУУДААР АМЬДРАЛАА ЗААЛГАДАГ ГАЖИГ ТОГТОЛЦООГ ОДОО Л ХАЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЭНЭ БОЛ БАРУУНЫ ЖИШИГ. МОНГОЛЧУУД БИДЭНД ОГТ ТОХИРОХГҮЙ ГЭДГЭЭ ӨНГӨРСӨН 25 ЖИЛД ХАНГАЛТТАЙ НОТОЛСОН БАЙТАЛ ШИНЭ НАМУУД Ч БАЙГУУЛЖ БАЙХ ШИГ ... БҮҮР СОЛИОРООД УНАЛАА ЭНЭ УХААНТНУУД!!!!
2016-04-20
Key:
HUN iig demjinee. MANAN arai dendjiine shuu.
2016-04-19
nam:
NAMIIN SANHUUJILT GEJ NEG SAIHAN YUM BNA SHUU DEE HUURHII
2016-04-19
Зочин:
Намын олноор хөгжиж цэцэглэдэггүй юм байна гэдгийг өнгөрсөн 20-оод жил харуулаад өглөө шүү дээ.Уянга энэ тэр нам байгуулж илүүднэ шүүдээ. Гүррагчаа нисгэгчээс авхуулаад олон намын төлөөлөл арьснууд сууж харагдсан шүү.Уянга хүүхэн нэг талаас харвал их зоригтой нөхөр.Бүх хуулиараа хоёр атман нам асуудлыг зохицуулчихсан байхад нэг их явуургүй байх. Өөрөөр хэлбэл анх гудамжны тэмцэл хийж эхэлж байгаа мэт
2016-04-19
irgen:
BID EVTEI BAIHDAA HUCHTEI GEED L YARIAD BAIDAG, GETEL OLON NAM CHINI OLON HUVAAGDAL HAGARAL DAGUULAAD BAIGAA UM BISH UU
2016-04-19
зочин:
Ханаж цаддаггүй МАНАН л биш бол.... учир нь олдоно
2016-04-19
Зочин:
Монголчуудын туйлшралаа гэж нэг их олон телвиз нэг явуулсан мэдээгээ 4-5 дахин дамжуулна.Одоо энэ намууд эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэж үг бийдээ Уянга хүртэл намын дарга .Тэр хоёр үзүүртэй зүү юу хийх болоо яанаа.Энэ олон нам эцэсдээ монголыг минь 21 хэсэг улс болгох вий дээ
2016-04-19
Зочин:
100 ymaand 60 uhna gegcheer ene olon namaar yahaw de.neg nam baiwal boloo sh de.
2016-04-19
зочин:
3 хан сая хүнээ олигтой амьдруулж чадахгүй төр барих гэж зүтгээд байгаа энэ олон намаар яахавдээ 76 ч их байна
2016-04-19