Усны салбарт хамтрах талаар санал солилцов
2016-04-20

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Нидерландын Вант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роналд Кэллэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

 

 

Уулзалтын эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс Нидерландын Вант Улстай гуравдагч хөршийн бодлогын хүрээнд харицлаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байдгаа нотлохын сацуу 1990-ээд оны эхээр Монгол Улсад өрнөсөн нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг Нидерланд улс эхнээс нь дэмжиж, шилжилтийн үед дэмжлэг туслалцаа үзүүлж, ойр дотно нөхөрлөж ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид энэхүү найрсаг харилцааг хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглүүлж,  хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцаж, Монголд төдийгүй олон улсад тулгамдаад буй усны хангамж, аюулгүй байдлын асуудлын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

 

Мөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйтай холбогдуулан соёлын арга хэмжээнүүд харилцан зохион байгуулахын чухлыг тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Элчин сайд Роналд Кэллэрт Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсанд дахин баяр хүргэж, Монгол, Нидерландын харилцааг улам бүр гүнзгийрүүлэх цаашдын үйлст нь амжилт хүсэв.

Shuud.mn
Сонин хачин