Франц-Монголын найрамдлын бүлгийн даргатай уулзав
2016-04-20

Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Франц Улс /БНФУ/-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартье тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2016.04.20/ хүлээн авч уулзав.

 

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд Францын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож буйд нь талархал илэрхийлэв. Ардчиллын нийтлэг үнэт зүйлст тулгуурласан Монгол, Францын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа Улсын Их Хурлын дарга энэ үеэрилэрхийлээд хоёр улсын хууль тогтоох байгууллага дахь парламентын найрамдлын бүлэг хооронд харилцан айлчлал тогтмолжиж, хамтын ажиллагаа идэвхтэй өргөжиж байгаад баяртай байгаагаа онцлов.

 

Үндэсний Ассамблейн гишүүн Жером Шартье Ази-Европын парламенчдын өргөн бүрэлдэхүүн оролцсон энэхүү нэр хүндтэй томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах гэж байгаад Монгол Улсад баяр хүргээд Ази-Европын Парламентын Түншлэлийн энэ удаагийн уулзалт нь дэлхийн парламентууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсыг дэлхий дахинд таниулж сурталчлахад чухал үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж буйгаа илэрхийллээ.

 

 

Монгол, Францын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Үндэсний Ассамблейн гишүүн Ж.Шартьег тусгайлан анхаарч ирсэнд Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн салбараас хараат байдлыг арилгахыг зорьж байгааг тэмдэглээд Франц Улстай аялал жуулчлал, соёл урлаг, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын газар болон Францын Үндэсний Магистратын Их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, хамтарсан сургалт зохион байгуулах, тус сургуульд суралцах манай хуульчдын тоог нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлсэн юм.

 

Үндэсний Ассамблейн гишүүн Жером Шартье хууль эрх зүйн чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагуудын хамтран ажиллах асуудлыг ажил хэрэг болгох боломжтойг дурдаад хоёр орны нотариатчдыг харилцан солилцож туршлага судлах, дадлагажуулах ажил үр дүнтэй явагдаж байгааг онцоллоо.

 

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд энэ зун Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад БНФУ-ын Ерөнхийлөгч оролцохоор төлөвлөж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийг Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын арга хэмжээнд амжилттай оролцохыг хүсэв.

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

БНФУ-ын Үндэсний Асамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Жером Шартьег хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж 2007 онд “Найрамдал” медалиар, 2014 онд “Алтан гадас” одонгоор шагнасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Shuud.mn
Сонин хачин