БНСУ руу бараа бүтээгдэхүүн экспортлоход гүүр нь болно
2016-04-20

 

Монгол улсын жижиглэнгийн барааны зах зээлийн багтаамжийг тэлэх, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд ашиг орлогоо  бодитойгоор нэмэгдүүлэх, Монгол улсын Засгийн газрын “ Экспортыг дэмжих” бодлогыг дэмжсэн чухал үйл явдал өнөөдөр МҮХАҮТ-д боллоо.

 

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим,” Скай хайпермаркет” ХХК  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“ Скай хайпермаркет”  ХХК нь БНСУ болон Зүүн Азийн жижиглэнгийн зах зээлдээ тэргүүлэгч  “Имарт” хайпермаркетийн сүлжээг  Монгол улсад нутагшуулахаар ажиллаж байна.  “ Имарт” нь нийгмийн хариуцлагыг биелүүлэх үндсэн бодлогын нэг Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хүрээндээ Монгол улсын үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНСУ дахь Имарт сүлжээний 160 гаруй дэлгүүрээр борлуулахад гүүр нь болох юм. Удахгүй “Имарт”-ын  худалдан авалтын мэргэжилтнүүд  Монголд хүрэлцэн ирж  БНСУ руу экспортолж болох Монгол үндэсний үйлдвэрлэгчидтэй бизнес уулзалт хийж бараа, бүтээгдэхүүнүүдтэй танилцана. Тус бизнес уулзалтыг МҮХАҮТ болон “ Скай хайпермаркет” ХХК хамтран зохион байгуулах юм байна.

 

МҮХАҮТ –ын хувьд  БНСУ руу бараа, бүтээгдэхүүн  экспортолж байгаа үндэсний үйлдвэрлэгч компаниудад  нэгдсэн бодлого, зөвлөмж хүргүүлэх, БНСУ-ын хил гаалиар монголын бараа бүтээгдэхүүнийг экспортлоход тухай улсын чанар сатандартыг хангуулж ажиллах, хамтарсан бизнес уулзалтыг жил бүр зохион байгуулах зэрэг ажлуудыг хариуцан ажиллана.

 

“ Скай хайпермаркет “ ХХК , “ Имарт Чингис”  салбараа Үндэсний их баяр наадмын өмнө нээхээр төлөвлөж байгаа бөгөөд эрүүл, шинэ хүнс  хэрэглэгчдэд нийлүүлж чанарын үсрэлт гаргана хэмээн амлаж байна. Энэ хүрээндээ фермийн аж ахуй эрхлэгчдэд эрүүл ахуйн шинэ стандарт хэвшүүлэн, үнээний сүүг фермээс шууд хэрэглэгчдэд борлуулахаар төлөвлөөд байна. Хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдэд мөн шинэ  шаардлага, стандарт тавин ажилласнаар ямар нэгэн химийн бордоогүй  жинхэнэ монгол хөрсөнд ургасан эрүүл, шинэ ногоогоор хэрэглэгчиддээ үйлчилж эхэлнэ. Имартын мах, махан бүтээгдэхүүний  тасагт бүтээгдэхүүн нийлүүлж буй ханган  нийлүүлэгчдээс малаа эрүүлжүүлсэн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм байна.  Дашрамд дурьдахад, “Имарт”-д 100 хувь монголчууд ажиллаж , бүх ашиг нь Монголдоо үлдэх төсөл юм. Учир нь тус сүлжээ дэлгүүрийн хөрөнгө оруулалтын 90 хувийг “ Алтай холдинг” групп гаргаж байна.

Shuud.mn
Сонин хачин