Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал эхэллээ
2016-04-21

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Улаанбаатар хотноо 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын зарим арга хэмжээнд оролцохоор өчигдөр хүрэлцэн иржээ.

 

 

Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Пьетро Грассо тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Ц.Дашдорж болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.

 

 

Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.

 

Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин