“Туркийн соёлын өдрүүд” болно
2016-04-21

“Туркийн соёлын өдрүүд” арга хэмжээ гурав дахь жилдээ энэ сарын 22-29-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээг Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас  долоо хоногийн хугацаанд долоон бүрэлдэхүүн хэсэгтэй зохион  байгуулахаар төлөвлөжээ.  Тухайлбал,

 

  1.  Нийслэлийн таван сургуулийн сурагчид оролцсон Олон Улсын Хүүхдийн баярын өдөрт зориулсан баярын тоглолт энэ сарын 22-нд “Хүүхдийн Урлан” төвд болох юм. Энэ үеэр гар зураг, зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулахаас гадна “Өнөр бүл” асрамжийн газарт гарын бэлэг гардуулах аж.
  2. “Туркийн кино долоо хоног” арга хэмжээ “Тэнгис” кино театр болох бөгөөд тус улсын соёл, уламжлалыг сурталчилсан киног үнэ төлбөргүйгээр үзүүлэх юм байна.
  3. Истанбул хотын захирагч Кадыр Топбаш манай улсад энэ сарын 24-26-ны хооронд айлчлах юм. Тэрбээр Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, хоёр хотын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Турк улсын дахин төлөвлөлтын талаар холбогдох байгууллагуудын хүмүүстэй уулзах аж.
  4. Дарданелийн хоолойн тулалдааны 101 жилийн арга хэмжээ болон хүндэтгэлийн хүлээн авалт болно.
  5. “Монголын Урчуудын эвлэл”-ийн хороонд Турк улсын соёл, аж ахуйг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 25-нд нээлтээ хийх юм.
  6.  Туркийн дуурийн дуучин Серап Чифтчи СУИС болон Хөгжим бүжгийн сургуулийн оюутнуудад мастер хичээл заах юм байна. Түүнчлэн тэрбээр энэ сарын 29-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах ажээ.
  7. Турк улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз МУИС-д энэ сарын 27-нд лекц унших аж.

 

Түүнчлэн эл өдрүүдэд Турк Улсын эдийн засгийн чуулга уулзалт болох бөгөөд тус улсын Шадар сайд манай улсад айлчлан ирэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин