Чуулганы хуралдаан завсарлав
2016-04-27

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Хуульзүйн сайд Д.Дорлигжав хариулав.  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Төр иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах үүрэгтэй. Хохирогчийн эрхийг хамгаалж оролцох механизмийг суулгаж өгөх хэрэгтэй. Хохироод, өмгөөлөгч аваад  дахин хохирч байна. Хохирогчдын эрхийг хамгаалах талаар юу туссан бэ? Шүүх урьдчилсан хуралдаанууд хийж байна. Гэхдээ ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих Үндсэн хуулийн заалтыг яаж хангах вэ?

 

-Хүний эрхтэй холбогдуулан байцаан шийтгэх ажиллагаа явуулахад прокурын давхар шүүхийн зөвшөөрлөөр явагдана гэж заасан. Прокурор хохирогчийн эрхийг төлөөлнө. Төр зарчимч хууль баталж л хамгаална.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Эрүүгийн хууль есдүгээр сард хэрэгжинэ. Процессийн, Инстуцийн хууль дутуу байгаа.  Энэ хооронд амжиж батлахгүй бол хууль хэрэгжихэд бэрхшээлтэй байдал үүсэх вий гэж болгоомжилж байгаа. Энэ хуулийн хүрээнд 400 зарчмын зөрүүтэй санал орж ирж байна. Одоо үг, үсэгтэй ноцолдвол цаг алдах байх. Засгийн газарт буцаавал ямар вэ. Засгийн газар анхнаасаа чанартай төсөл оруулж ирээгүйгээс асуудал үүсч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Засгийн газраас оруулж ирж байгаа санал маш олон засвар хийгддэг. Тийм учраас байнгын хорооны мэргэжлийн хуульч хүмүүсээ түшиж ажиллах ёстой. Гэтэл мэргэжлийн хуульчдын чиглэл өөр өөр байдаг. Гэхдээ бид энэ хуулиа батлахаас өөр арга байхгүй. Тиймээс Ё.Отгонбаяр гишүүний саналаар дахин өргөн барьж явбал ямар вэ?

 

Гишүүд ийнхүү асуулт тавьж, үг хэлсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд “Ё.Отгонбаяр гишүүний саналтай санал нэг байна. Одоо санал хураалт явуулахад саналууд унана. Гишүүдийн ирц танхимд бага байна” гэлээ. Харин Хуульзүйн сайд Д.Дорлигжав “Засгийн газарт буцааснаар цаг хэмнэж чадахгүй. Уг нь утга чанарын хувьд онц өөрчлөлтгүй асуудал. УИХ хэлэлцээд явбал болно” гэсэн юм.

 

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад гишүүдийн ирц хүрэлцэхгүй байлаа. УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийг хуралдааны танхимд хүрэлцэн ирэхийг уриаллаа. Гэвч хуралдааны танхимд гишүүдийн олонхи бүрдсэнгүй. Тиймээс чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. Үдээс хойш 14.00 цагаас үргэлжлэн хуралдана.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин