Тойрог хуваарилах түр хүлээлт
2016-05-02

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нийт 13 нам, 3 эвсэл оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байна. Сонгуульд дангаар өрсөлдөхөөр АН, МАН, МАХН, ИЗНН, МУНН, МСДН, ИХН, ЭЧХН зэрэг улс төрийн хүчнүүд саналаа ирүүлж. Энд дурьдагдсан намуудын товчлолыг харахад иргэд ойлгохгүй, төөрч будилмаар ч харагдана. Жишээлбэл, МАХН гэхэд Монгол ардын нам гэж олон нийтэд шууд тусдаг тэгвэл үүнийг Монголын Ардчилсан хөдөлгөөний нам ч гэж тайлж бас болно. Мөн АТХН гэх нь Ард түмнээ хайрлая нам, ЭЧХ-Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гэх мэтээр зарим намын нэрээр АХА тэмцээн өрнөчихөөр байна. Энэ нь сонгуулиар л ичээнээсээ гараад бусад үед нам жим байдагтай нь холбоотой. Ерөнхийдөө олонд нэршлээрээ танигдаагүй байгаа нь тухайн улс төрийн хүчний үйл ажиллагаатай холбоотой юм. Учир нь жил гаруйхны өмнө шинээр байгуулагдсан ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний нам олонд үйл ажиллагаагаа биш юмаа гэхэд нэрээ таниулж чадсан. Сүүлийн үед тэдний дотоод зөрчил олонд өөрсдийг нь илүүтэй таниулж байгаа биз. Үүсэн байгуулагдаад жил гаруйн хугацаанд тус намын тамга анхны дарга С.Боргилоос эхлээд С.Ганбаатар, Т.Ганболд гээд хичнээн ч удирдлагын гар дамжив. Цаашлаад сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн “Тусгаар тогтнол, эв нэгдэл”, “Эх орончдын нэгдсэн эвсэл” гээд эвслүүдийн нэр ч уриа лоозон шиг л хүчтэй сонгодож байна. Тэр дундаа “ХААН сонголт” эвслийг сонгогчид хувийн компани уу, пиарын байгууллага уу гэж эндүүрэхээр дуулдана лээ.

 

Хуульд заасны дагуу Сонгуулийн төв байгууллага сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох  нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм. Ингэснээр сонгуульд оролцох эрх бүхий нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 9-ний дотор тодруулах хуулийн заалттай.

 

Гэхдээ энэ удаагийн Сонгуулийн хууль ҮХЦ-ийн дүгнэлтээс шалтгаалан зарим нэг өөрчлөлт орох болоод байгаа. Пропорцианаль буюу намын жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчжээ гэсэн дүгнэлтийг цэц гаргаж, парламент өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан хэдий ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс бүлэг завсарлага авсан. Хэрвээ дахин 3 хоногоор завсарлага авчихгүй бол асуудал маргааш дуусгавар болж, чуулганыг хуралдуулан хэлэлцэнэ.

 

Тус эвлийн бүлэг Цэцийн дүгнэлтэд ямар байр суурьтай байхаас үл хамаарч парламент дахь АН, МАН-ын бүлэг хүлээж авахаа илэрхийлсэн. Ингэснээр сонгуулийг томсгосон 26 тойргоор бус жижиг 76 тойргоор явуулах тохироонд хүрээд байгаа юм билээ. Энэ нь 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө явагдаж байсан систем. Хэдийгээр парламент ҮХЦ-ийн дүгнэлтийг албан ёсоор хүлээж аваагүй ч Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа сураг дуулдсан. Энэ ажлын хэсэг Сонгуулийн хуульд тогтолцоо болон зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах зорилготой.

 

Сонгуулийн хуульд тойрог, мандатын тогтолцоо хийгээд, намууд нэр дэвшигчээ тодруулах хуваарьт ч өөрчлөлт орох сураг дуулсан. Учир нь “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлагаагаа сунгах, эс сунгахаас үл хамаараад ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсны дараа хуульд өөрчлөлт оруулах, нам, эвслүүд нэр дэвшигчдээ тордуулах ажиллагаа хуулийн хугацаандаа шахагдан, давхцана. Тиймээс эхлээд хуулиндаа өөрчлөлт оруулахдаа сонгуулийн цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулахаар тооцож, Харин сонгуулийн санал авах өдөр яг тогтсон хугацаандаа явагдана, хойшлуулахгүй гэсэн хатуу байр суурийг парламент дахь намууд барьж байгаа гэсэн.

 

Цаг үеийн дээрх асуудалтай холбоотойгоор АН-ын ҮЗХ-ны хуралдааныг тов ч цуцлагдсан байна. Уг ҮХЦ-ийн дүгнэлтийг парламентаар хэлэлцээд шийдэлд хүрсэн тохиолдолд тус намын ҮЗХ даруй хуралдах товтой байсан юм. Гэхдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд улс төрийн хүчнүүд нам жим байсангүй. Сонгуулийг жижиг тойргоор явуулсан тохиолдолд хэнийг, хаана нэр дэвшүүлэх өрсөлдүүлэх вэ гэж дотроо нам эвсч, сэм хуйвалдаж, тандалт, ажиглалт хийсэн дуулдана лээ. Ийнхүү энэ долоо хоногт ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээгээд авчихвал тойрог хуваарилах ажлыг шуудруулж, улс төрийн түр зогсолт ч гацаанаас гарц сонгуулийн цагийн хуваарийн дагуу ажил шуудрах биз ээ.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
зарим нь мөрөөдөөд нойрондоо зүүдэлж байгаа юм бишүү
2016-05-02
Ulzii:
Songuuliig poppitsnal cictemeer khuuchin 76 n toirogoor yawuulsan deer
2016-05-02