Тойрог булаалдсан толхилцоон
2016-05-03

Өөрчлөлт оруулах нь нээлттэй Сонгуулийн хууль зарим улстөрчийн дөрвөн жил бэлтгэсэн төлөвлөгөөг нурааж, улс  төрийн намуудын дунд хэрүүлийн алим шидчихлээ. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдана. Өчигдөр хуралдах товтой ч дотоод асуудлаа ойлголцохоор бүлгийн даргын өрөөнд асуудал өрнөсөн. Зөвхөн тус бүлгийн гишүүд ч бус бусад нам, эвлийн гишүүд АН-ын бүлгийн даргын өрөөгөө эргэлдэн, намын хийгээд төрийн ажлыг хослуулан хэлэлцсэн биз. 

 

АН-ын бүлгийн хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшилсон гэдэг нь зөвхөн шалтаг. Шалтгаан нь хөшигний ард өрнөсөн. АН сонгуульд дангаар оролцохоо мэдэгдсэн хэдий ч дэмжигч улс төрийн хүчнүүд гарч ирсэн. Мэдээж МҮАН, Эх орон намынхан ямар ч тохироогүйгээр АН-ыг дэмжинэ гэж юу байх билээ. Улс төрд алга ташилт ч үнэтэй байдаг хойно. Парламент Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээс үл шалтгаалж АН сонгуулийн 76 мандатаасаа МҮАН, Эх орон намд өгөхөөр болсон сурагтай. Харин энэ тохироо нэр дэвшихийг горилж байгаа АН-ын гишүүдэд таалагдсангүй. Угийн талцсан байсан дотоод зөрчлийг улам дэвэргэсэн сурагтай.

 

Улс төрийн томоохон хүчин АН-д цагаа тулахад 1 суудлаа ч бусдад алдахад хайран. Атал сонгуулийн 5 мандатыг улс төрийн тохироонд тавиад туучихна гэдэг намын гишүүдэд халаглаж харамлахаар. “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэгчээр тухайн тойрогт дэмжигч намын бус өөрийн намын журмын нөхөр өрсөлдөөд ойчсон ч нэр цэвэр, бусад нь ч сэтгэлдээ торох зүйлгүй биз.

 

Эдүгээ жагсаалтыг горилогсод их санасан газар хоосон гэгч болоод байгаа. Намын жагсаалтад багтахаар дөрвөн жил тойрогтоо бараагаа харуулалгүй гэдийж явсан улстөрчид фракц бүлэглэлдээ хор найруулж яваа дуулдсан. Ер нь жагсаалтыг горилогсод парламентад суудалтай, суудалгүй аль аль улс төрийн хүчинд байсан юм.

 

Пропорцианалийг халах нь сонгуулийн тогтолцооноос ухарсан үйлдэл гэж үзэх эрхмүүд нэлээдгүй байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан нар ҮХЦ-ийн дүгнэлтэд эсрэг байр суурьтай байгаа бол парламент дахь эмэгтэй гишүүд ч эсэргүүцлээ илэрхийлсэн. Тиймээс “ҮХЦ-ийн пропорцианаль тогтолцоо Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог эрс бууруулах, арагш ухраасан шийдвэр. Олон улсын туршлагаар пропорцианаль болон томсгосон тойргийн систем нь эмэгтэйчүүдэд ээлтэй байдаг” гэсэн хүсэлтээ харгалзан үзэхийг эмэгтэй гишүүдийн бүлэг УИХ-ын даргад хүргүүлсэн байна лээ.

 

Сонгуулийн хуулиар улс төрийн намууд нэр дэвшүүлэхдээ эмэгтэй гишүүдийн квотыг баримтлах заалттай. Харин жижиг 76 тойргоор сонгууль явуулах тохиолдолд эмэгтэй гишүүдийн квотыг цуцална гэсэн жиг жуг барин тавин сонсогдох болсон юм. Эдүгээ Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа эмэгтэй гишүүдийн квотыг хүчингүй болгох заалт шургуулчихаж мэдэх. Цаашлаад хуулийн төсөлд уг заалт тусвал парламент дахь олонхийн саналаар гээд эрэгтэй гишүүд инээж байгаад дэмжээд явуулчих нигуртай. Харин энэ тохиолдолд хүрсэн төвшнээсээ, ардчиллаасаа жинхэнэ ухарсан үйлдэл болох нь дамжиггүй. Магадгүй, энэ бүхнийг эмэгтэй улстөрчид уран ухаандаа шаглаж, дээрх хүсэлтийг хүргүүлсэн байх талтай.

 

Харин одоогоор ҮХЦ-ийн дүгнэлтийг парламент хүлээж аваагүй байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэн ч “Шударга ёс” завсарлага авч гацаасан. Ер нь парламенчид Сонгуулийг хуулийн хугацаанд нь явуулах байр суурьт л нэгджээ. Тиймээс ҮХЦ-ийн дүгнэлтийг яаралтай хэлэлцүүлэхээр чуулганыг зарлан хуралдуулахад бэлэн байгаа. Гэвч уг асуудлаар завсарлага авсан “Шударга ёс” эвслийн бүлгийг  асуудлаа хурдан шийдэж, оруулж ирсэнгүй. Завсарлагааны дээд хугацаа болох 5 хоногийг ягштал мөрдөв.

 

Өнөөдрөөр эвслийн бүлгийн завсарлагааны хугацаа дуусгавар болж байгаа.   Чуулганы хуралдааныг маргааш товлосон байна лээ. Гэхдээ  эвслийн бүлэг хугацаагаа дахин сунгах боломжгүй. Учир нь  УИХ-ын чуулганы Дэгийн тухай хууль энэ удаад мөрдөгдөнө. “Шударга ёс” эвслийн бүлгийг завсарлага авах үед энэ хуулийн  эцсийн найруулгыг нь сонссон ч гэсэн Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдээгүй байсан юм. Энэ эмхэтгэлд хэвлэгдсэнээр  хууль мөрдөгдөж эхэлдэг. “Шударга ёс”-ынхныг завсарлага авах үед  уг хуулийн өөрчлөлтийн редакцийн засварыг сонссож, эцсийн найруулга хийж байлаа  Н.Батбаяр гишүүний санаачилсан УИХ-ын Дэгийн тухай хуульд  өөрчлөлт оруулсан хууль хоёр зүйлтэй.

 

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд “17.4.Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлыг санаачилсан хууль санаачлагч болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, эсхүл төсөл, саналаа танилцуулаагүй бол тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналыг хууль санаачлагчид буцаасанд тооцно. “ 2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт “Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно.”  гэж заасан.

 

Өнөөдөр Төрийн мэдээлэл эмхэтгэлийн шинэ дугаарт энэ хууль хэвлэгдэн гарчээ. Тиймээс маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлээд явна.

 

Харин одоо улс төрийн хүчнүүд дотроо хэрхэн ойлголцсон, бусадтайгаа хэрхэн  тохиролцсон эсэхээс парламентчид дараагийн нүүдлээ хийх  биз.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tomosgoson majoritar gej baih uu
2016-05-03
zochin:
emegtei gishvvdees ch gesen abah ym alga Yuanga ch gesen hudlaa hvvhen nobshnuud toirgoosoo uursduu songogdood l garch ir lde chadahgvi baij
2016-05-03
зочин:
Тийм л их ИХ-н гишvvн болмоор байгаа юм бол ХЭН БЭ гэдгээ хэлээд тойргоосоо ард тvмний СОНГОЛТ аваад сонгогдоод ажиллацгаа. АРЫН ХААЛГААР сонгогдох гээд УЛАЙРААД УЙЛАГНААД ГYЙХ ХЭРЭГГYЙ
2016-05-03
зочин:
Эмэгтэй гишvvд УИХ олон байлаа гээд ямар ашиг тустай юм бэ. ОЮУНГЭРЭЛ шиг кноп дарж гvйнэ еер юу хийхийн . УЯНГААС бусад эмэгтэй гишvvд бvгдээрээ нийлээд ч ганцхан УЯНГЫН ХЭМЖЭЭНД ажиллаж чадахгvй байгаа биз дээ. ОЮУН АРВИН НАР улс терийн тэтгэвэрт гарах болсоон
2016-05-03
Зочин:
Сонгогдож гарцгаа гишуудээ
2016-05-03