С.Дали П.Пикассогийн үзэсгэлэнд саатаарай
2016-05-03

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Дүрслэх Урлагийн Музейн ажилчид “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг нээлээ. Дээрхи алдарт зураачдын бүтээл Монголд анх удаагаа дэлгэгдэж буйгаар үзэсгэлэнгийн онцлог аж.

 

Эл үзэсгэлэнд дэлгэсэн С.Дали, П.Пикассо нарын бүтээлийг ОХУ-ын Екатеринбург хотын цуглуулагч Я.Шадрины хувийн цуглуулгаас авчээ. Түүний сүүлийн 20 жил цуглуулсан  алдарт зураачдын эх бүтээл тавигдаж буйгаар онцлог юм.  Үзэсгэлэнд С.Далигийн уран зургаас гадна түүний уран баримлын бүтээлийг дэлгэсэн байна. Түүнчлэн хоёр зураачын оргил үедээ бүтээсэн уран зураг, уран баримал, зураасан зураг, керамик урлалыг олон нийтийн хүртээл болгожээ. Тухайлбал С.Далигийн “Хайлж буй цаг”, “Нарийхан хөлт заан”, Шургуулгатай бүсгүй”, “Гал дундах анааш”, “Нийсдэг эмгэн хумс”, “Титэмтэй ялаанууд” зэрэг хамгийн алдартай  уран баримал, зураасан болон уран зураг, керамик урлалын бүтээлүүд тавигдсан бол П.Пикассогийн амьтад, шувууд, Эсмеральдо ишиг, “Навчин дундах бух”, “Бухын тулалдаан” зэрэг шаазан таваг, ваар саван дээр дүрсэлсэн бүтээлүүдийг дэлгэсэн байна.

 

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейн захиргаанаас бүтээлийг байршуулах шилэн хорго түрээслэх, каталоги хэвлүүлэх ажилд шаардлагатай 5.7 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг НЗДТГ-т хүргүүлжээ. Уг асуудлыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон байна. Эл үзэсгэлэн дэлгэснээр иргэдийн урлагийн мэдрэмжийг дээшлүүлэхээс гадна Нийслэлийг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж удирдлагууд үзсэн аж.

 

Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 29-ны өдрийг хүртэл сарын хугацаанд Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.

 

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин