Тэрбум долларын ерөнхий хэлэлцээрийг байгуулжээ
2016-05-03

Гэрэл зургийг MPA.MN

 

Гадаад хэргийн яамнаас уламжлалт “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг хийлээ. Хуралд Ази ойрхи дорнод Африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа нар оролцов.

 

Гадаад хэргийн сайд Пүрэвсүрэн дөрөвдүгээр сарын 27-ноос 29-ны өдрүүдэд Энэтхэг улсад айлчлал хийжээ. Айлчлалын үеэр Энэтхэг Улсаас Монгол Улсад олгож буй тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан байна. Энэ талаар Ази ойрхи Дорнод, Африкийн газрын дэд захирал Г.Бямбасүрэн “Ерөнхий хэлэлцээрт Гадаад хэргийн сайд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурах зөвшөөрлийг парламент болон  төсөв, эдийн засаг, гадаад худалдаа, аюулгүй байдал гэсэн гурван байнгын хороогоор хэлэлцсэний дүнд гаргасан. Энэтхэгийн талтай тохирохдоо өнгөрсөн оны тавдугаар сард Гадаад хэргийн сайд айлчлал хийхдээ энэхүү асуудлыг тохироод байсан. Ерөнхий байдлаар зээлийг дэд бүтэцийн салбарт ашиглахаар тохиролцсоныг энэхүү зээлийн ерөнхий хэлэлцээрээр баталгаажуулж авсан байгаа” хэмээв.

 

 Түүнчлэн хоёр орны хооронд ялтан шилжүүлэх Засгийн газар хоорондын гэрээний батламж журам бичгийг солилцох арга хэмжээ зохион байгуулсан байна.

 

 Мөн хэвлэлийн хурлын үеэр Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Монгол Улс далайд гарцгүй 32 орны нэг юм. Тиймээс Гадаад хэргийн яам далайд гарцгүй олон улсын судалгааны төвтэй хамтран дөрөвдүгээр сарын 26-27-ны өдөр Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний семинарт оролцлоо. Семинараар далайд гарцгүй орны хувьд тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар хэрхэн даван туулах, үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрхэн Венийн хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцсан” хэмээлээ.

 

 Тус хөтөлбөр нь 2014-2024 оны хугацаанд хэрэгжих олон улсын хөтөлбөр аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэтхэгтэй ялтан солилцох гэж юу байдаг юм бэ??? Монголд л лав энэтхэг ялтан бараг байхгүй дээ!!!!
2016-05-05