Цоорхой хуулинаас гээгдсэн “жагсаалт”
2016-05-04

Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авлаа. Намын жагсаалтаар эрэмбэлэгдэн сонгогдохыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнийг парламент хүлээн авснаар сонгуулийн хуулиас пропорцианаль системийг хаслаа.  Үүнийг зарим гишүүнд  26 жилийн хугацаанд явж ирсэн төвшин, ардчиллаасаа ухарсан гэж үзэж байсан хэдий ч олонхи ҮХЦ-ийн дүгнэлтийг толгой дохин хүлээж авав. Нөгөөтэйгүүр парламент Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас өөр гарц байгаагүй. Хүлээж аваагүй тохиолдолд Цэц их суудлын хуралдаанаараа тогтоол болгон баталгаажуулна. Энэ тогтоолыг хүчингүй болгох эрх парламентад байхгүй. Ингэсгээр сонгууль цагийн хуваарийн дагуу явагдахгүй, хугацаа сунгагдаж, намрыг хүртэл хойшлох асуудал ч үүсч болох байсан. Манай цаг тооллоор иргэд долоодугаар сараас жилийн амралтаа эдлэн хотоос гадагш хөдөө рүү, хөдөөгийнхөн зуслан руугаа оторлон нүүдэллэдэг. Тиймээс сонгуулийн санал авах хугацааг аравдугаар сарын дунд үе хүртэл хойшлуулах нөхцөл бүрдэх байлаа. Энэ хугацаанд бүрэн эрх нь дуусгавар болсон парламент, засагтай, гишүүдийн хэлснээр өнгөрсөн жилийн хүрсэн төвшин, ардчилал, хөгжлийн системээсээ хойш шидэгдэн ухарсан үйлдэл болох байсан нь тодорхой.

 

Гэхдээ парламент дахь нам, эвслүүд одоогийн 26 тойрог 48 мандат дээр жагсаалтын 28-ыг хуваарилах уу, эсвээс тойргийг задалж 76 болгох уу гэдэг дээр санал зөрөлдөж байгаа сурагтай. Сонгуулийн тойргийг томсгосон 26 явуулахыг тойргоос сонгогдсон гишүүд дэмжиж байгаа бол жагсаалтаар сонгогдоно гэдэгтээ бат итгэлтэй байсан эрхмүүд жижиг 76 тойргоор сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.  

 

Ер нь ҮХЦ-ийн дүгнэлт улс төрийн захиалга байсныг хэн хэнгүй хэлдэг. Тиймээс ч АН, МАН хоёр тойргуудад нэр дэвшигчээ тодруулахдаа  тохироо бүрдүүлсэн гэх олны үг оргүй зүйл биш. Нэг тойргийн 3 мандат дээр намууд нэр дэвшүүлэхдээ сонгогдох магадлалтай хоёр нэр дэвшигч дээр сонгогчдын дэмжлэгийг авч чадахгүй нэгнийг хамтатган өрсөлдүүлэх хэлбэрээр үйл явдал өрнөх аж. Жишээ нь, 2012 оны сонгуулиар Сэлэнгийн тойрогт нэр дэвшигчийг тодруулахад С.Баярцогт МАН-аас Содхүүгийн охиныг манай руу явуулчаарай гэж захиалсан гэдэгтэй агаар нэгэн үйл явц өрнөнө. Үнэхээр ч тэр жил Сэлэнгийн тойрогт МАН-аас Ж.Эрдэнэбат, экс УИХ-ын гишүүн Р.Содхүүгийн охин С.Гэрэлмаа, АН-аас С.Баярцогт нар нэр дэвшин өрсөлдсөн байдаг. Улс төрийн хүчнүүд энэ мэтээр нэр дэвшигчээ шөөлжин гаргаж ирэх тохироо явагдаж байгаа сурагтай.

 

Сонгуулийн хуульд тойрог мандатыг хуваарилах төдийгүй  сонгуулийн цагийн хуваарийн нэр дэвшүүлэх ажиллагаа зэрэг зарим заалтад өөрчлөлт оруулахаар боллоо. Ажлын хэсэг аль өнгөрсөн долоо хоног байгуулагдах дуулдсан. Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах явцад эмэгтэйчүүдийн квот тогтоосон заалтыг ч унагаж мэдэхээр байгаа талаар бор шувуу нисч байсан. Хэдийгээр хуулинд эмэгтэйчүүдийн квот хэвээр байгаа гэх ч ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авсан нэрийн дор эрх ашиг хөндөгдсөн хэд хэдэн өөрчлөлт тусгахыг таашгүй.

 

Байнгын үйл ажиллагаатай парламент болсноос хойш 25 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа батлаад бүрэн мөрдөгдөөгүй сонгуулийн хуулиндаа салхи оруулахаар болж байна. Энэ нь ардчилсан нийгмийн ухралт уу, урагшилсан алхам уу гэдгийг цаг хугацаа дүгнэнэ биз. Гэхдээ бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд Сонгуулийн хуулийг боловсруулахаар нухсан ажлын хэсэг цоорхой хуулийг санамсаргүй бус санаатай баталсан үр дүн өнөөдөр гарч байна.

 

Гэхдээ нийгэмд, улс орны ирээдүйн хөгжилд цоорхой хуулийн үр дүн ээлтэй л үргэлжлээсэй.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин