“Хавдрын эсрэг үндэсний аян” Дархан-Уул аймагт хэрэгжлээ
2016-05-04

 

 

Хавдар Судлалын Үндэсний Төв /ХСҮТ/, ХААН Банк Сан, МҮОНРТ-ээс 6 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы 14 эмчийн бүрэлдэхүүнтэй үзлэг оношилгоо, мэс заслын баг Дархан-Уул аймагт 4-р сарын 25- 30-ны өдрүүдэд ажиллалаа.

 

Аяны үзлэг оношилгооны баг аймгийн Нэгдсэн эмнэлгээс бэлтгэсэн нэрсийн дагуу хавдрын урьтал өвчтэй, онош нь эргэлзээтэй эрсдэлт бүлгийн 1558 хүнийг үзлэг оношилгоонд хамруулж,  хавдрын сэжигтэй тохиолдол бүхий 116 эсийн шинжилгээ, 13 эдийн шинжилгээ авч, шинээр 10 хортой хавдрыг илрүүлжээ.

 

 

 

Мөн эмч нарын баг тус аймагт ажиллах хугацаандаа шинээр оношлогдсон болон аймгийн эмнэлгээс урьдчилан бэлтгэсэн нийт 11 өвчтөнд яаралтай мэс засал хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, толгой хүзүүний байрлалын хавдар авах 6, ерөнхий мэс заслын 3, элэгний 2, хөх, умайн хүзүүний болон бусад 5 мэс ажилбарыг хийлээ. 

 

 

Хавдар өвчтэй нь тогтоогдсон орон нутгийн иргэдийн хувьд дараагийн шатны эмчилгээ сувилгаа авах хүртлээ хугацаа алдах тохиолдол байдаг тул хагалгааг орон нутагт нь үнэ төлбөргүй хийж гүйцэтгэснээр амь насыг нь хамгаалаад зогсохгүй, өвчтөний ар гэрийг санхүүгийн хүндрэл бэрхшээлд орохоос урьдчилан сэргийлдэг.   

 

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы нэгэн зорилго нь орон нутгийн эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх бөгөөд энэ удаад 4 үндсэн чиглэлээр 50 эмч, 50 сувилагч, 52 сум, өрхийн сайн дурын эрүүл мэндийн идэвхтэнийг сургалтанд хамруулж, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн нийт 22 эмч, мэргэжилтнийг томилолтоор ирүүлэн “Бүсчилсэн сургалт”-д хамруулж хавдар өвчний талаар мэдлэгээ дээшлүүлэх боломжийг олголоо.  

 

Аяны баг энэ долоо хоногт Өмнөговь аймагт ажиллаж байна. Эхний 2 өдрийн байдлаар нийт 516 иргэн үзлэг оношилгоонд хамрагдснаас умайн хүзүүний 2, арьс болон элэгний тус бүр 1 хавдар илэрсэн байна. Эмч нарын ур чадвар дээшлүүлэх Бүсчилсэн сургалтанд Дундговь болон Өмнөговь аймгийн сумдаас нийт 120 эмч, сувилагч нар хамрагдаад байна.  Өмнөговь аймагт эмч нарын баг    5-р сарын 2-7-ны өдрийг дуустал ажиллана. 

Shuud.mn
Сонин хачин