Си Зиньпиний мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжиллаа
2016-05-06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн өнөөдөр бараалхлаа. БНХАУ-ын Худалдааны сайд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааныг хамтран даргалсан юм.

 

 

Уулзалтын эхэнд БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол Улсын Ерөнхийлөгч цаг зав гарган түүнийг болон дагалдан яваа хүмүүсийг халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ.

 

Тэрбээр цааш нь “БНХАУ-ын дарга Си Зиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааг Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түвшинд дэвшүүлсэн нь харилцааны шинэ түүхийг нээж, хоёр улсын харилцаа түүхийн хамгийн тааламжтай үедээ ирээд байна. Си Зиньпин даргын халуун мэндчилгээг Ерөнхийлөгч танд уламжилъя” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу хэлсэн үгэндээ “Эрхэм сайд таныг манай оронд тавтай морилохыг урья. Өнгөрсөн жилийн сүүлээр би БНХАУ-д айлчилж, Си Зиньпин дарга, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Төрийн зөвлөлийн даргатай уулзаж хоёр талын харилцаа, яриа, хэлэлцээний талаар тодорхой ярилцсан. Си Зиньпин даргын Монголд хийсэн айлчлалын үеэр байгуулсан хоёр орны Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны гэрээ бол хоёр орны хоорондын харилцааны сүүлийн үед байгуулсан хамгийн чухал баримт бичиг юм. Энэ чиглэлээр хоёр орны холбогдох яам, байгууллагууд хамтран маш их ажил хийж байгаад туйлын баяртай байна.

 

Таны айлчлал бол хоёр орны Засгийн газар хооронд хийж байгаа ажлыг үргэжлүүлэхэд түлхэц өгч буй ач холбогдолтой айлчлал гэж үзэж байна. Ирэх 6 дугаар сард Ташкентад болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Си Зиньпин даргатай 3 талт уулзалтын хүрээнд уулзах боломж бий гэж бодож байна. Тэр үеэр 3 талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлүүдээр гарын үсэг зурагдах баримт бичгүүд сайн боловсруулагдаж байгаа гэдгийг сонссон.

 

Улаанбаатарт долоодугаар сард АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт болоход БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга айлчилж ирнэ гэж харж байна. Тэр үеэр зурагдах баримт бичгүүдийг бэлтгэж байгаа. Тэдгээрээс Хоёр талын хилийн дэглэм, боомтын хэлэлцээрийг онцолж хэлье. Монголын уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргахад илүү таатай нөхцөл олгох боломжийн талаар хариуцсан сайдын хувьд та тодорхой ахиц дэвшил ярьж байгаа гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

 

Та миний халуун мэндчилгээг Си Зиньпин даргад дамжуулаарай. Таны айлчлалд амжилт хүсье” гэлээ.

 

БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XIV хуралдааны үр дүнгийн талаар мөн танилцуулав. Тэрээр “Өнөөдрийн хуралдааны хамгийн гол сэдэв бол Си Зиньпин даргын 2014 онд Монголд хийсэн төрийн айлчлал, Ерөнхийлөгч таны 2015 онд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хүрсэн тохиролцоонуудыг хэрэгжүүлэх тухай асуудал байлаа. Мөн хоёр улсын хоорондын хөрөнгө оруулалтын тухай хэлэлцээрийн талаар санал солилцлоо.

 

Хятадын талаас 2014 оны Си Зиньпин даргын айлчлалын үеэр Монгол Улсад амласан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах талаар ярилцлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч таны дэвшүүлсэн Монголд үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргах тухай асуудлыг Хятадын тал чухалчлан үздэг. Одоогийн байдлаар Монгол Улсын баруун бүсийн таван аймгаас Хятадад махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагааг эхлүүлж байна. Далайн боомтын асуудлаар ярилцаж, Монголын талаас дэвшүүлсэн  Хятадын Тяньжин боомтоос гадна хойд бүсийн хэд хэдэн боомтыг ашиглах тухай хүсэлтийг хоёр талын хэлэлцээрээр шийдэх асуудлыг Хятадын тал хэлэлцэж байгаа.

 

Мөн Хятад-Монголын чөлөөт бүсийн асуудлаар хамтарсан судалгаа эхлүүлэх, том төслүүд эхлүүлэх зэрэг олон асуудал ярилцлаа.

 

Сая би Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцяны айлчлах үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх асуудлуудын талаар ярилцлаа. Мөн Си Зиньпин даргын 2014 онд Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр амласан буцалтгүй тусламжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ярилцсан. Энэ тусламжийг Монголын ард түмний бодит амьдралд нийцсэн, жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлийн төслүүдэд зарцуулах зэрэг асуудлаар ярилцсан. Өнөөдрийн Засгийн газар хоорондын хуралдаан амжилттай боллоо” гэв.

 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “БНХАУ-аас үзүүлж байгаа зээл, тусламжийн хүрээнд шийдэгдэж байгаа асуудлууд хоёр орны харилцааг бэхжүүлэх, манай улсын эдийн засаг, хүн ардын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдэд хэрэгжиж байгаад баяртай байна. Таны айлчлалд дахин амжилт хүсье” гэлээ.

 


 



 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
150.129.143.70 d bichsen hun mash zuv yum bicij ene 2tom guren baihad mgl hugjine
2016-05-09
Иргэн:
Бид 2 Орос Хятадтай маш сайн, харилцан ашигтай харилцаатай байж сайн сайхан явна. Энэ 2 их гурэнтэй ухаантай алтан дундажыг олж харилцаагаа шинэ тувшинд гаргасан Элбэгдоржын амжилтыг ард олон ойлгох хуртэх цаг удахгуй ирнэ. Бид холын Америк 3 дахь оронд найдах шаардлага огт байхгуй.
2016-05-06