Улаанбаатар
Багахангай дүүрэгт алт олборлохыг хориглоно
2016-5-6

 
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 

Нийслэлийн зарим бүсэд нийлүүлэх сайжруулсан түлшний татаасын тооцоог  Засгийн газарт хүргүүлнэ


2016-2017 оны халаалтын улиралд нийлүүлэгдэх сайжруулсан түлшний нөөцлөлт, татаасын хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Агаарын чанарын албаны ажлын хэсэг 2016-2017 оны халаалтын улиралд сайжруулсан түлш нийлүүлэх үйлдвэрүүдийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, технологийн горимтой танилцан ажлын байрны зураг авалт хийж, нийлүүлэх боломжтой түлшний хэмжээг тогтоохоор нүүрсэн шахмал түлшний зургаан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөх чоно групп, НАКО ХК, НӨҮГ ХХК, УСУ Коал ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн нийт нийлүүлэх хэмжээ 123 800 тн, MBR ХХК, Дэрст тохой ХХК тоног төхөөрөмж дутуу, нийт нийлүүлэх хэмжээ 20 000 тн.  Нэг айл өрх халаалтын улиралд 3 тн сайжруулсан түлш хэрэглэнэ гэж үзвэл эдгээр компаниудын нийлүүлэх түлшний хэмжээ 41 208 өрхийн хэрэгцээг бүрэн хангах бөгөөд татаасын нийт хэмжээг   9 594 500 000 төгрөг байхаар тооцож байна. Санхүүжилтийн асуудал шийдэгдвэл  сайжруулсан түлш хэрэглэх бүсэд Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хорооны 12461 өрх, Сүхбаатар дүүргийн 13, 14, 16, 18, 19, 20 дугаар хорооны 10898 өрх, Чингэлтэй дүүргийн 12, 14, 16, 17, 18, 19 хороодын 17849 өрх, нийтдээ 41208 өрхийг хамруулахаар төлөвлөж байна. Энэ нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогонд хамрагдсан нийт 117 303 утаат өрхийн 35 хувийг эзэлж байна. Нийлүүлэлтийг бүрэн хийсэн тохиолдолд гэр хорооллын түүхий нүүрсний жилийн хэрэглээ 22,8 хувиар буурна гэж тооцжээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас танилцуулга, мэдээллийн дагуу 2016-2017 оны халаалтын улиралд нийлүүлэгдэх сайжруулсан түлшний нөөцлөлт, татаасын хэмжээг тогтоосон тооцооллыг Засгийн газрын хуралдаанд  өргөн барьж, шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо .
 
 

Багахангай дүүрэгт хууль бусаар алт олборлох үйл ажиллагааг хориглоно


Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлож байгаа байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн танилцууллаа.


Одоогоор Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Өндөртолгойн тахилгатай овооны баруун урд хэсэгт хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, 4 метр өргөн, 3 метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж гэмтээсэн, нуранги үүсч болзошгүй байдалтай байна. Тус дүүрэгт хууль бусаар алт олборлох иргэдийн хөдөлгөөн өдөрт дунджаар 25-30 орчим хүсүүийг цугларч байгаа гэх боловч 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн  15:30-16:30 цагийн байдлаар өөр гар аргаар алт олборлосон болон газар ухсан иргэд байхгүй байсан байна. Дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 тоот захирамжаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоож, 30 хоногийн хугацаатай 24 цагийн хяналтын цэг ажиллуулсан. Тухайн газарт техникийн нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл авахаар иргэдээс цугларсан 10,2 сая төгрөгийг дүүргийн хо тохижилтын алба ОНӨААТҮГ, Илч-Орд НӨҮГ-т шилжүүлэн 2016 оны 05 дугаар сараас нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Иргэд бизнес хийх эрхгүй, аж ахуйн нэгжүүд бүрэн эрхтэй байдаг ийм зүйл байж болохгүй. Тиймээс хуульд нийцүүлэн хууль бусаар олборлохыг хориглож, хуулийн дагуух асуудлыг шийдвэрлэх шаардлагатай” гэдгийг онцлон хэлсэн юм. Нөөцийн хувьд одоогоор тогтоогдоогүй тул Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр нөөцийг тогтоолгохоор Ашигт малтмалын газарт хандсан байна. Хуралдаанаас хууль бусаар олборлолт хийж буй үйл ажиллагааг бүрэн зогсоож, хуульд нийцүүлэх, нөхөн сэргээлт хийх, нөөц тогтоолгох, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Дүүргийн Засаг даргад үүрэг болголоо.
 
 

Барилга барихад стандартад нийцсэн хамгаалалтын тор татах шаардлага тогтооно


“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсралтын ажил гүйцэтгэх үед хэрэглэх гадна хамгаалалтын торонд тавигдах үндсэн шаардлага”-ын асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр танилцууллаа.


Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын салбарт 2011 онд-34, 2012 онд-42, 2013 онд-25, 2014 онд-26, 2015 онд-43. Нийт 170 осол гэмтэл бүртгэгджээ. 2011-2015 онуудад зөвхөн өндрөөс унахтай холбоотой 117-н осол гэмтэл гарсан нь нийт ослын 68,8 хувийг эзэлж байна. Үүнээс өндрөөс унасан-64, лифтний нүхээр унасан-20, ажлын шатнаас унасан-4, эд зүйлд цохигдсон-29 осол гэмтэл гарсан нь барилгын мөрдөж буй хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны норм дүрмийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна.  Эдгээр ослыг бууруулахын тулд барилгын гадна талд шат вандан, хамгаалалтын тор заавал татах үндсэн шаардлага гарч байгаа юм. Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын 3.2.1-д Туслан гүйцэтгэгч бүртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа тухайн гүйцэтгэх ажлын эрсдэлийн үнэлгээг хийх, үйлдвэрлэлийн талбай дээрх бүх байгууллага, ажилтны ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулж түүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийг хариуцах, зарцуулалтанд хяналт тавих, 3.2.2-д Баилга угсралтын явцад барилгын гадна шат, ванданг уртын дагууд 4 метрээс багагүй, шатны босоо чиглэлд 2 үе тутамд барилгын үндсэн хийцэд бэхлэх, бариул, шат орц гарц гаргах, бат бэх тороор битүүлэх гэж заасан байдаг. Хэдийгээр журамд тодорхой заалт байга ч барилгын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд ажилтны аюулгүй байдлыг бүрэн хангаж, стандартын хамгаалалт хийхгүй байгаагаас осол гарах нөхцөл бүрдүүлж байна. Тиймээс бусад оронд хэрэгжүүлдэг жишгийн дагуу хамгаалалтын тор татах, ингэхдээ стандартын, чанартай, бэхэлгээтэй тор ашиглах шаардлагыг тогтоож, биелүүлүүлэх ажлыг нийслэлийн Засаг дарга захирамж гарган, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний саналын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор барилгын дуу чимээг тусгаарлах, барилгаас гарах тосжилтыг гадагшлуулахгүй байх болон барилгын өндрөөс унахаас урьдчилан сэргийлэх, түүнээс бүрэн хамгаалах зориулалт бүхий хамгаалалтын бат бэх тор татсан эсэхэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын захирамж гарган, албан ёсоор зарлаж, аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ.


 

Гүний худгийн ус ашигладаг автомашин угаалгын газруудын асуудлыг цэгцэлнэ


Нийслэлийн нутаг дэвсгэрт зам дагуу авто угаалгын үйлчилгээ эрхэлж байгаа газруудад хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцлээ.


Нийслэлийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төв зам дагуу байрлалтай автомашины угаалгын газруудад нийслэл, дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодизи, зураг зүйн хняалтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад нийслэлийн төвийн 6 дүүргийн нийт 80 иргэн, аж ахуйн нэгж хамрагджээ. Тэдгээрийн 15 нь гүний худаг, 60 нь төвийн шугамд холбогдсон, 5 нь зөөврийн усыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг байна. Харин 12,5 хувь нь буюу 10 нь бохир усаа соруулдаг бол 87,5 хувь нь буюу 70 нь төвийн шугамд холбогдсон. Угаалгын газруудын 85 хувь нь буюу 68 нь гаднах талбайгаа цардсан, 12,5 хувь нь буюу 10 нь цардаагүй, 2,5 хувь нь буюу 2 нь гаднаа хог хаягдалтай байсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 128 автомашин угаалгын газар байгаагаас 82 нь хот суурин газрын унд ахуйн төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургад холбогдон цэвэр ус авч хаягдал бохир усыг төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Авто угаалгын газрууд шаардлага хангасан байршилд үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас явган хүний зам, авто зам, замын хашлага эвдрэх асуудал гарсаар байна. Мөн гүний худгийн усыг ашиглах нь холбогдох журмыг зөрчиж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Тиймээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналын дагуу авто угаалгын газруудыг аттестатчилах ажлыг зохион байгуулж, зөрчилтэй газруудад шаардлага хүргүүлэн, зөрчлөө арилгахгүй бол үйл ажилллагааг нь сунгахгүй байх зэргээр асуудлуудыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.

 
Цөөн үгээр:
  • “Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам”-ын төслийг хэлэлцэн, дэмжлээ. Тус журам нь нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй цэвэр технологи нэвтрүүлсэн, эдийн засгийн өсөлт болон олон нийтийн оролцоог хангаж ногоон хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэн явуулах журмын төслийг хэлэлцэж, хуульд нийцүүлэн зарим заалтыг өөрчлөн, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх үүргийг Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст өглөө.
  • Монголд анх удаа өрхийн нийтийн тээврийн зорчилтын судалгааг Улаанбаатар хотод хийх гэж байна. Энэ нь нийтийн тээврийн тусгай замын автобусны BRT төслийн хэрэгжилтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гар утас ашиглан иргэдээс судалган авах юм. Судалгаа нь  шийдвэр гаргагч нарт түгжрэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ, хүрэлцээг сайжруулахад бодит мэдээлэл болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин