Олон Улсын номын баяр болно
2016-05-06

 

 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Дэлхий цирк Монголд” олон улсын циркчдийн тоглолт Улаанбаатар хотноо болсон. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ сард “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг тэмдэглэх гэж байна.

 

 “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах эл баяр энэ сарын 20-21-нд “Чингисийн талбай”-д болох юм. Тус арга хэмжээгээр олон улсын зохиолч уншигчид төдийгүй жуулчдыг татах зорилготой аж. Иймд номын баярт Монгол Улсад Суугаа Элчин сайдын яамд оролцох юм байна. Баярт ирсэн зочид олон улсын соёлын үзэсгэлэн сонирхон “Ном яръя, кофе ууя” чөлөөт ярилцлага, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолт, номын сангийн өдөрлөг, номын шагналтай тэмцээн уралдаанд оролцож болох нь ээ. Мөн энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм. 

 

Дашрамд дурьдахад “Номын баяр"-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин