С.Салватори: Э.Амартүвшингийн дүрд хувирах чадвар намайг бишрүүлсэн
2016-05-09

Энэ сарын 11-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өөрийн бие даасан анхны тоглолтоо хийх юм. Түүний тоглолтыг дохих Итали улсын “Ла Скала” дуурийн театрын удирдаач С.Салваторитай цөөн хором ярилцлаа.   

 

-Монгол уран бүтээлчийн тоглолтыг дохих болсон сэтгэгдлээ хуваалцана уу?

 

-Залуу мөртлөө ийм агуу авьяаслаг уран бүтээлчийн тоглолтыг дохих болсондоо баяртай байна. Нөгөө талдаа энэ бол миний хувьд нэр төрийн асуудал. Яагаад гэвэл Итали улсад тоглосон хоёр тоглолтод нь би оролцсон. Тухайн тоглолтод би төгөлдөр хуур хөгжимдөж Амартүвшин гавьяат маань дуулсан юм. Энэ нь Итали үзэгчдийн хувьд том баяр болсон. Манай улсын  ард түмэн Монгол гэдэг улс байдаг гэдгийг Амартүвшингээр таньдаг боллоо. Бидний бахархдаг дуурийн урлагийн гайхамшиг, баритони хоолой алс Монгол Улсад байдаг гэдгийг мэдээд тоглолт үзсэн хүн бүр гайхсан, биширсэн. Ийм авьяаслаг, мундаг уран бүтээлч Монгол Улсад байдаг гэдгийг бид мэдээгүй. Гэтэл өөрийн эх орны урлагаас хол, хаа байсан  Италийн урлагийг өнөөдөр эх орондоо  түгээж байгаа энэ хүмүүс Италийн урлагт ямар хүндэтгэлтэй ханддаг юм бэ. Энэ надад үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлсэн.

 

-Италийн хоёр улсад болсон тоглолтын тухай тодруулахгүй юу?

 

-Биеллад болсон хоёр дахь тоглолтод урлагт дуртай маш том бизнес ертөнцийн хүмүүс хүрч ирцгээсэн. Тухайлбал ноён Piacenza. Тэр хүн хорвоо дэлхийд кашмерийн худалдаа наймаагаараа алдартай. Өнөөдөр Италид “Говь” ХХК-тай гэрээтэй ажилладаг цорын ганц хүн юм. Ингээд нэрлэвэл ерөнхийдөө алдартай олон хүн хүрэлцэн ирж тоглолтод саатсан. Э.Амартүвшин Италид хүрэлцэн ирж тоглолтоо хийснээр Монголын сонгодог урлагт бас нэгэн хаалгыг нээж, монголын урлаг хөгжих замыг дардан болгож өгсөн гэж бодож байна. Тэрбээр манай улсад тоглолт хийсний дараагаар олон орны дуурийн театраас урилга хүлээж авсан. Тэгэхээр Э.Амартүвшин Монголынхоо урлагийг дэлхийд таниулсан гэж хэлж болно.

 

-Үзэгчид ямар сэтгэгдэлтэй үлдсэн бол?

 

-Ерөнхийдөө тоглолтыг бид биш үзэгчид дүгнэнэ. Миний хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Тоглолт болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Гэтэл үзэгчид өнөөдөр хүртэл хүмүүс над руу утасдаж сайхан тоглолт болсон тухай хэлж талархсаар байна. Одоо хүртэл хүмүүс энэ тухай ярьсаар, надад талархсаар байгаагаас харахад гайхалтай сайхан тоглолт болсон болов уу гэж бодож байгаа.

 

-Э.Амартүвшин гавьяатын ур чадварын тухайд юу хэлэх вэ?

 

-Э.Амартүвшингийн хувьд  миний хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол чих. Хөгжимчин, дуучин хүний хувьд чих буюу сонсгол маш чухал. Амартүвшин гайхалтай сонсголтой уран бүтээлч. Энэ нь юугаар илэрхийлэгдэж байна гэхээр энэ хүний Итали хэлээр дуулж, ярьж байгаагаас харж болно. Ганцхан Итали биш Испани, Оросын уран бүтээлийг яг л тухайн орны хүн шиг дуудаж, дуулж байгаа нь гайхалтай санагдсан. Энэ бол дуучин хүнд байх ёстой маш том давуу тал. Үүнээс гадна Э.Амартүвшиний дүрд хувирах чадвар намайг бишрүүлсэн. Дуулж байгаа дуурийн ари болгонд тэр дороо хувирч чадаж байгаа нь гайхалтай. Түүнээс гадна их сайхан хүн юм билээ.

 

-Анх хэрхэн танилцаж байв?

 

-Бид Монгол Улсаас Итали Улсад суугаа консул Гантуяагаар дамжиж танилцсан. Гантуяа бид хоёр найзууд. Түүнтэй уулзахад “Манай улсад нэг ийм сайхан уран бүтээлч бий” хэмээн ярьж байсан. Үүний дараа Э.Амартүвшин дуучинтай  уулзаж танилцаж өнөөдөр тоглолтод нь оролцоход хүрсэн юм. Консул хүний хувьд хоёр улсыг хооронд нь юугаар холбох вэ гэдэг чухал асуудал байдаг. Тэгэхээр Э.Амартүвшин бид хоёрыг уулзуулж, Итали, Монгол хоёр улсыг хөгжмөөр холбож өгсөн Гантуяа найздаа талархмаар байна. Тэр Итали, Монгол хоёр улсын хооронд гүүр болж чадсан гэж бодож байгаа. Би Э.Амартүвшинтэй тааралдаж, танилцсандаа үнэхээр талархаж явдаг.

 

-Удирдаач хүний хувьд Монголын сонгодог урлаг аль түвшинд явна гэж үнэлэх вэ?

 

-Таны асуултын хариуг би энэ УДБЭТ-аас олж харсан. Ирээд би энэ театрт нэг жүжиг үзэж чадсангүй. Учир нь би жүжиггүй, дуурьгүй өдөр нь ирээд байна. Гэвч би ирээдүйд энэ театрт жүжиг, дуурь үзэх, тэр байтугай удирдах боломж гарах байх гэж найдаж байгаа. Хэдий би дуурь үзэж чадаагүй ч театрын тайзнаа өлгөсөн түүхэн зургаас тайзны тавилт, жүжигчдийн хувцаслалт, жүжгийн үйл явцыг харж болохоор байна. Би үзэж, сонсож чадахгүй ч харж чадаж байна шүү дээ. Үүнээс магадгүй Монголын сонгодог урлагийн түвшин хэр зэрэг өндөр түвшинд буйг харж болохоор юм. Өөрөөр таны асуултад хариулах нэг хариултыг би Э.Амартүвшин багштайгаа яаж харьцаж байгаагаас олж харж байна. Энэ бол гайхалтай. Яагаад гэхээр олон хүн өнөөдөр би тэр багшаас юм сурч чадаагүй, 5 жил хий дэмий өнгөрөөсөн гэдэг. Гэтэл Э.Амартүвшин би энэ хүний шавь шүү гэдгээрээ хичнээн бахархалтай надад танилцуулж байна гээч. Багшийнхаа тухай хичнээн нандигнан ярьж байгаа нь өөрөө монголын сонгодог урлагийн түвшинг илэрхийлж байгаа юм.

 

-Та манай сонгодог урлагийг өндрөөр үнэлж байна уу?

 

-Тийм ээ. Өнөөдөр дэлхийн дуурийн урлагийг Э.Амартүвшин Монголд сурсан. Өөр хаана ч сураагүй. Тэгэхээр манай дуурийн урлагийг Монголд бүрэн сурч болохоор юм  гэж би харж байна. Магад зарим нэгэн тэнд сурах юмыг энд илүү сурч байгаа юм биш үү, олон хүн монголд ирж дуурийн урлагт сурахсан гэсэн сонирхолтой болохуйц түвшинд явж байна гэж л бодож байна даа. Э.Амартүвшин монголын дуурийн урлагийг өнөөдөр тийм бахархалтайгаар хорвоо ертөнцөд авч явж байна. Тэгээд ч танай театрынхан сонгодог урлагийг хайрлаж, нандигнадаг юм байна. Энэ үнэхээр гайхалтай юм.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
ккк:
Дуурийн урлагийнхан амжилт арвинтай байгаа нь яах аргагүй чадварлаг багш нартай нь л холбоотой байх даа. Амжилт хүсье.
2018-04-15
Зочин:
Amaraa bol ug ni mongolyn no 1 duuriin duuchin yum shuu dee
2016-05-09