Тэтгэврийн хэмжээ буурчээ
2016-05-09

Грекийн парламент албан татвар нэмэх болон тэтгэврийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шинэчилсэн хуулийн дагуу хэд хэдэн сан нэгдэж, тэтгэврийн хэмжээ буурахаар болсон байна. Тэтгэврийн нас нэмэгдэж магадгүй гэх яриа иргэдийн дунд гарчээ.

 

Одоогоор эрх баригчид уг асуудлаар мэдэгдэл хийгээгүй байна. Мөн дунд болон дээд орлоготой иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл, татвар нэмэгдэхээр болжээ.

 

Грек олон улсын зээлдэгчдээс таван тэрбум хүртэлх ам.долларын зээл авахын тулд дээрх хуулийг санаачилсан билээ. Олон улсын валютын сан /ОУВС/ тус улсын эрх баригчдад хандан тэтгэврийн зардлыг багасгах ёстой гэх шаардлага тавьж буй юм.

 

Тэтгэврийн хуулинд өөрчлөлт оруулахыг дэмжсэнээс болж Грекийн томоохон хотуудад иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Жагсаалд сая орчим хүн оролцсон аж. Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий болон хийн буу ашигласан байна. Мөн 500 орчим хүнийг баривчилж, түр хорьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин