“Мөрөөдлийн театр”-ынхан ХӨСҮТ-д хандив өргөнө
2016-05-10

 

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Хайрыг гэрчил” драмын жүжгийг энэ сарын 7-нөөс эхлэн “Тусгаар тогтнолын ордон”-ы тайзнаа тоглож байна. Тоглолтын хоёр өдрийн орлогоо Хавдарт өвчин судлалын үндэсний төвд хандивлах аж.

 

Хүний мөн чанар, амьдралын үнэ цэнийн тухай өгүүлэх тус жүжгийн гол дүрд жүжигчин Т.Баттулга, Э.Намуунаа, МУСТА Л.Эрдэнэ-Очир, Д.Баттөмөр, Г.Эрхэмбаяр, Ч.Баярмаа нар тогложээ.

 

 Жүжигчин Г.Алтаншагай "Жүжгийн зохиолоо жилийн өмнө зохиолч СГЗ Ш.Гүрбазар ахдаа санаагаа хэлж бичүүлсэн. Гүрээ ах бидний хэлснээр энэ нийгэмд тулгарч буй олон асуудлыг тусгаж өгсөн байна. Амьдралд өдөр болгон дуугараад байдаггүй нууцлаг сэдвийг хөндөж, их сонирхолтойгоор зохиолоо буулгажээ. Уг зохиолоор сар гаруй хугацаанд найруулагч Б.Наранбаатартай жүжгийн бэлтгэлээ хийсэн. Бид "Хайртай бол эргэж хараарай" жүжгээс хойш драмын жүжиг тоглоогүй. Харин инээдмийн, сонгодог, шоу тоглолтыг үзэгч түмэндээ хүргэж байсан. Энэ удаад залууст зориулсан орчин үеийн жүжгээр уулзаж байна” хэмээв.

 

Тус хамтлагийн уран бүтээлчид "Хайрыг гэрчил" драмын жүжгийнхээ эхний хоёр өдрийн орлогоо Хавдар судлалын үндэсний төвд хандивлахаар болжээ. Мөн тус жүжгээ нийгмийн эмзэг бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэд, асрамжийн газар, “Зөв амьдрал” ТББ-ын олон нийтэд үнэгүй үзүүлэх аж.

 

Драмын жүжгийг энэ сарын 7-ноос 20-ныг хүртэл “Тусгаар тогтнолын ордон”-нд тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин