Сонгодог бүтээлүүд эгшиглэнэ
2016-05-11

Энэ өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өөрийн бие даасан анхны тоглолтоо хийнэ.

 

Тэрбээр өнгөрсөн сарын 29,30-нд Итал Улсын Аркоре, Биелла хэмээх хоёр хотод бие даасан тоглолтоо хийгээд иржээ. Энэ удаад эх орондоо тоглох гэж байна. Түүний тоглолтод Монгол, Итали, Орос хэл дээр найман ари, таван романс бүхий дан сонгодог бүтээлүүд эгшиглэх аж. Тодруулбал,

 

  • Ж.Вердийн “Риголетта” дуурийн Риголетийн ари,
  • “Багт наадам” дуурийн Ренатогийн ари,
  • “Хэрмэл жүжигчид” дуурийн Прологийн ари,
  •  Х.Билэгжаргалын “Ламба гуайн нулимс” дуурийн Лодонгийн ари,
  •  Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Тэмүүжиний ари,
  •  “Игор ван” дуурийн Игор ваны ари,
  • “Тоска” дуурийн нэгдүгээр үзэгдлийн төгсгөлийн ари,
  • “Андреа шениер” дуурийн Жерардын ари,
  • Н.Жанцанноров гуайн “Чиний минь нулимс” хэмээх монгол романс зэрэг нийт 13 бүтээлийг Гавьяат жүжигчин Э.Амартүвшин сонордуулах нь ээ.

 

Тоглолтод урилгаар Итали Улсын “Ла Скала” дуурийн театрын удирдаач Стефано Салватори оролцохоор манай улсад хүрэлцэн иржээ. Түүнчлэн УДБЭТ-ын ерөнхий концертмейстоер, МУГЖ Б.Солонго, найрал дуучин, симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм байна.

 

Э.Амартүвшин “Би УДБЭТ-т ороод 7 жил болж байна. Энэ хугацаанд олон улсын тэмцээн, уралдаан болон Монголд болсон олон тэмцээнд оролцож байлаа. Олон оронд дуулсан, уралдаанд оролцсон амжилтаа Монголынхоо ард түмэнд тайлагнахаар энэхүү тоглолтоо хийж байна. Зөвхөн би наймар ари, таван романс дуулах учраас энэ бол том хэмжээний бас хүнд программтай тоглолт гэж бодож байна. Тиймээс маш өндөр хариуцлага хүлээлээ хэмээн бодож ихэд хичээж байгаа” хэмээж байсан.

 

Тус тоглолт энэ өдрийн 19.00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын концертын танхимд болно.


Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин