Райн Гослинг: Хүүхэд хүнийг эерэгээр өөрчилдөг
2016-05-11

 

Холливуудын нэрт жүжигчин Райн Гослинг өчигдөр “Jimmy Kimmel” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Тэрбээр сүүлд “The Nice Guys” кинонд тоглосон юм.

-Хоёр дахь охиноо өлгийдөн авлаа, баяр хүргэе?

-Маш их баярлалаа.

 

-Дахин аав болох ямар байна. Миний хувьд аав болоход их уйлсан?

-Нуугаад яахав, би уйлсан. Эрүүл саруул, эсэн мэнд төрөөсэй хэмээн залбирсан. Тэр үеийн мэдрэмж намайг айлгаж бас тавгүйтүүлсэн. Охиноо тэврэх үедээ уйлсан.

 

-Таны үзэсгэлэнт найз бүсгүй Эва Мендес сайн биз дээ. Шинэ хүн тань та хоёрын алийг чинь дуурайсан вэ?

 

-Эвагийн бие сайн байгаа. Миний бодлоор намайг илүү дуурайсан. Шар өнгийн үстэй.

 

-Үгүй байлгүй дээ. Уг нь ээжийгээ дуурайсан бол дэлхийн мисс ч болж чадах байсан?

 

-Би өөрийгөө дажгүй харагддаг гэж боддог. Эвагийн гоо үзэсгэлэнг үгээр илэрхийлэхийн аргагүй. /инээв/

 

-Эсмирелда хүртэл тантай адилхан. Шар үс, цэнхэр нүд. Ер нь охид чинь ээжийнхээ юуг дуурайв?

 

-Эсмирелда ээж шигээ хошин шогийн мэдрэмжтэй. Харин бага охин минь одоогоор сүүгээ хөхөөд л унтаж байна. Тун удахгүй эгч шигээ тодрон гарах болно.

 

-Та хоёр бүл нэмлээ. Хамтран амьдраад нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ. Яагаад албан ёсоор хуримаа хийдэггүй юм бэ?

 

-Эмэгтэйчүүдийн төөрөлдсөн олон бодлоос болж зарим асуудал гацчихдаг. Энэ асуудал ч гэсэн гацчихсан. Хэзээ хөдлөхийг би сайн мэдэхгүй байна.

 

-Тэгэхээр та гэрлэхийг хүсдэг байх нь ээ?

 

-Гэр бүлийг юугаар ч орлуулж болохгүй. Зарим хүмүүс гэр бүлтэй болохоос эмээгээд байгааг сайн ойлгодоггүй. Миний найзуудын дунд ч дээрх шиг бодолтой хүмүүс байдаг. Хүүхэд гэхээр айдаг. Мэдэхгүй юм. Гэхдээ аав болох үнэхээр гайхалтай.  Хүүхэд ямар хүнийг эерэгээр өөрчилдөг гэдгийг сүүлийн хэдэн жил сайн ойлгосон.

 

 

-Хоёр охинтой боллоо. Ямар нэгэн байдлаар дарамт мэдрэгдэж байна уу?

 

-Үгүй, би дөнгөж сая гэр бүлийн талаарх өөрийн бодлоо тодорхой илэрхийллээ. Хүүхэд миний амьдралыг өөрчилж, дулаан энергийг бий болгосон.

 

-“The Nice Guys” киноны зураг авалтын үеэр хоёр дахь охин тань мэндэлсэн. Та Эвагийн дэргэд байсан уу?

 

--Өвдөж эхэллээ гэж залгасан. Тэгээд л зураг авалтаа дуусгаад шууд эмнэлэг орсон. Эва Лос Анжелесийн эмнэлэгт төрсөн. Харин би Техаст байсан. Эмнэлэгт очиж, Эвагийн царайг харах хүртлээ би айж, хамаг биений хөлс гарсан.

 

-Энэхүү уран бүтээлд жүжигчин Рассел Круотой хамтран ажилласан?

 

-Тиймээ бидний хоршил тун удахгүй нээлтээ хийнэ. Би энэ залууд үнэхээр талархаж явдаг. Охин минь төрдөг өдөр Хүмүүсээ “Райн одоо явах хэрэгтэй боллоо” гээд л орилсон. Найруулагч над руу их ууртайгаар харсан. /инээв/ Рассел над руу хандан “За яв. Би тайлбарлах болно” гэсэн. Үнэхээр хөгжилтэй.

 

-Хэзээ нээлтээ хийх юм бэ?

 

-Тавдугаар сарын 20-нд

 

-Сая шуудангаар таны нэг фэн асуулт явуулжээ. Сонирхож байна уу?

 

-Тийм ээ.

 

-“Эва Мендес болон Синди Кроуфордын хоёрын аль нь үзэсгэлэнтэй вэ. Тэд үнэхээр адилхан санагддаг. Таны бодлоор” гэж бичжээ. Миний бодлоор тэд үнэхээр адилхан?

 

-Харамсалтай нь надад тэгж санагдахгүй байна. Энэ асуултад заавал хариулах ёстой байх. Миний бодлоор хүүхдүүдийн минь ээж Синдигээс хөөрхөн.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин