Ч.Сайханбилэгээ, ноосны урамшууллаа авъя
2016-05-12

 

Өмнөговь аймгийн Манлай сумын “Манлайн шүтээн” хоршооны гишүүд мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газарт ноосны урамшууллын мөнгийг  энэ сард багтаан олгох шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Хэвлэлийн хуралд тус хоршооны дарга Х.Сугир, гишүүн Л.Пүрэв, нутгийн зөвлөлийн орлогч дарга Х.Бээжин нар оролцов.

 

Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмыг баталсан. Энэ журмын хүрээнд 2015 онд хоршооны гишүүн, малчид хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрүүдэд тушаажээ. Гэвч тушаасан ноосны урамшуулал олгогдох хугацаа өнгөрөөд 4 сар гаруй хугацаа өнгөрсөн ч одоо хэр нь олгоогүй тухай “Манлайн шүтээн” хоршооны гишүүн Л.Пүрэв хэлж байна.

 

 Тэрбээр “Нийт хоршоодын төр засгаас авах ёстой ноосны урамшуулал дунджаар 20 гаруй тэрбум төгрөг болов уу. Энэ мөнгө олгогдох хугацаа хэтэрч, малчид хоршоодыг эд хөрөнгийн болон сэтгэл санааны ихээхэн хохиролд оруулаад байна. Төр засаг АСЕМ-ын бэлтгэл ажилд зориулах мөнгө, сонгуулийн хар машин засварлахад 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөөд байгаа хэр нь бидний ноосны мөнгийг олгохгүй байгаа нь хардахад хүргэлээ. Бидний мөнгийг магадгүй АСЕМ-ын бэлтгэлд зарцуулж, сонгуулийн хар машины засварт хэрэглээд байгаа юм биш байгаа даа гэсэн бодол төрж байна” хэмээв.

 

Мөн тус хоршооны дарга Х.Сугир хэлэхдээ “ХХААЯ-ны мал хамгаалах сан дээр нэгдүгээр сард ирж уулзсан. Гуравдугаар сар, дөрөвдүгээр сард ирж  уулзсан. Уржигдар ч мал хамгаалах сангийн нөхдүүдтэй уулзлаа. Уулзах бүрт “ойрын үед олгоно. Сангийн яам эрх нээж өгөөгүй” гэдэг нэг л зүйл хэлдэг. Тэгэхээр нь Сангийн яамны эрх бүхий хүний рүү нь утсаар ярихад “Өнөөдрийн байдлаар ноосны урамшуулал олгох тогтоол шийдвэр гараагүй байна. Тэгэхээр хөрөнгө бүрдэхээр шийднэ” гэж байх юм. Ингэж аргацааж байгаад бидний мөнгө хулгайн замаар орох вий гэж болгоомжилж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт манай хоршооноос “Ноосны урамшууллыг энэ сард багтааж өгнө үү” гэдэг албан шаардлагыг хүргүүлж байна” хэмээн ярилаа.

 

Тус шаардлагын хариуг Засгийн газраас тавдугаар сард багтаан өгөөгүй тохиолдолд малчид, хоршоод хуулийн хүрээнд тэмцэх болохоо мэдэгдэж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
луйварчид баяжих хэрэгсэл:
Ноосны урамшуулал бол ХААЯ-ны луйварчид баяжих хэрэгсэл
2016-05-12
Irgen:
Huurnuud noosoo tushaaj mongo avna. Deerees ni turuus noosoo tushaasan gej mongo nehne. Henii tuluu amidraad baigaa yum
2016-05-12