Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт эхэллээ
2016-05-12

 

Улаанбурхан өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч  Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өвчлөлийн тархалт өндөр хэвээр байна. 

 

 Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 1700 гаруй өвчтөн хандсаны 1195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 221 нь хэвтэн эмчлүүлсэн, 0-1 насны 14 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. 

 

НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627.500 хүн/тун вакциныг хүлээж авлаа. Энэ вакциныг 18-30 насныханд өнөөдрөөс хийж эхэлж байна.

 

900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан дархлаажуулах бэлтгэл хангасан. Энд ажиллах 1200 эмч, 350 сувилагч сургалтад хамрагдсан.

 

Улаанбурхан өвчний тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх нэмэлт дархлаажуулалтын ажлыг олон нийтэд сурталчилж,  ач холбогдлыг нь хүүхэд залуучуудад тайлбарлан таниулахад хамтран ажиллахыг  хэвлэл мэдээллийн байгууллагуудад Шадар сайд уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин