Улаанбаатар-Эрээн хот аялал жуулчлалын харилцаагаа өргөжүүлнэ
2016-05-13

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Эрээн хотын Намын дарга Ю Юүнбөг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүд хотод суугаа ерөнхий консул Чай Вэньрүй, Эрээн хотын Намын Тамгын газрын дарга Ди Вэй болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

 


 

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Улаанбаатар, Эрээн хотууд эртнээс найрсаг харилцаатай байж, хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжин хөгжүүлж байгаад баяртай байна. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт талархаж байна. Цаашид харилцаагаа улам хөгжүүлж, аялал жуулчлал, соёл урлаг, эдийн засаг гэхчилэн олон салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.



Харин Эрээн хотын Намын дарга Ю Юүнбө “Хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Энэ онд Эрээн хотод болох Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Мөн зочид төлөөлөгчдийг оролцуулах, бараа бүтээгдэхүүнийг үзэсгэлэн гаргах ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Түүнчлэн хил дамнасан чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажилд анхаарлаа хандуулж, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлж, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарын солилцоог эрчимжүүлэх тал дээр хамтран ажиллахдаа таатай байх болно. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэв.



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Энэ жил Эрээн хотод зохион байгуулах Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтад Улаанбаатар хот идэвхтэй оролцоно. Мөн Улаанбаатар хоттой бүс орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ногоон хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг 3 дахь жилдээ 08 дугаар сарын 4,5-нд зохион байгуулах юм. Энэхүү форумд Таныг оролцохыг урьж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин